“Хөдөө орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт” болж байна



Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран коронавирусний халдварын үед жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Хөдөө орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт”-ыг өнөөдөр Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 70 орчим аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.
Энэхүү сургалтын үйл ажиллагаа нь Япон улс дахь коронавирусний халдварын эсрэг арга хэмжээний чиг хандлага, жижиг дунд үйлдвэрүүдийн авч хэрэгжүүлж буй шинэлэг ажлыг  танилцуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргахад чиглэж байна. Энэ утгаараа сургалтын хүрээнд нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа өөрчлөлтөд шийдэл болж чадахуйц шинэлэг бизнес санаа, Япон компаниуд коронавирусний үед үйл ажиллагаагаа өргөжүүлж  буй арга технологийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. 
Мөн болзошгүй эрсдэл, хямралын үед бизнесээ хэрхэн зохион байгуулах, шинэ менежмент төлөвлөгөө бий болгох боломжуудын талаар санал солилцож байна. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор аж ахуй нэгж тус бүр “Онцгой байдалд бизнесээ хэвийн үргэлжлүүлэх төлөвлөгөө” (BCP) боловсруулан батлах, ажлын байрыг тогтмол хадгалахын тулд бусад аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах, уялдаа холбоогоо бэхжүүлэх, цахим орчныг идэвхтэй ашиглах замаар бүтээгдэхүүнээ сурталчлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд онцлон хэлэв. Сургалт маргааш үргэлжлэх бөгөөд оролцогчид дадлага ажил хийхээр төлөвлөж байна.  



 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ