Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцэв. Тодруулбал, Бүгд найрамдах Казахстан улс, ОХУ болон бусад орнуудад суралцаж, ажиллаж, түр хугацаагаар амьдарч буй Ховд аймгийн иргэд Монгол Улсад эргэн ирэх тухай хүсэлтийг аймгийн Онцгой комиссын даргад ирүүлсэн байна. Уг хүсэлтийг шийдвэр гаргах эрх бүхий Улсын Онцгой комисст уламжилсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссоос гадаадын орнуудаас иргэдээ татан авах эсэхийг шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хот, Дархан, Баян-Өлгий аймагт ажиглалтад тусгаарлах юм.
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ААН, байгууллагуудыг согтууруулах ундааны зүйлээр худалдаалахыг 3 сарын турш хориглосон. Үүнтэй холбогдуулан худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд эдийн засгийн хүндрэл учирч байгаа тул тодорхой хугацаагаар архи, согтууруулах ундаа худалдаалах тухай хүсэлтийг 100 гаруй ААН, хуулийн этгээд аймгийн Онцгой комисст ирүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцээд, 5 сарын 1-ний өдрөөс эхлэн 10:00-22:00 цаг хооронд тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийг архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг гаргалаа. Мөн онцгой нөхцөл байдлын үед буюу ирэх 6-р сард УИХ-ын сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан шат, шатны сонгуулийн хороодын 100 гаруй обьектод ариутгал халдваргүйжүүлэлт хийх, албан хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Түүнчлэн нам эвсэл, бие даагчдад иргэд олноор цугларах, бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх зөвлөмжийг хүргүүлж аймгийн Сонгуулийн хороонд үүрэг болгов.