Ховд аймаг дахь
“Эмэгтэйчүүд гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв” ТББ-ын тэргүүн, сэтгэл судлаач Уртнасангийн Чулуунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр 2013 оноос эхлэн сэтгэл судлаачаар ажиллаж байгаа бөгөөд хүмүүст сэтгэлийн дэм, урам зориг, эрч хүч бэлэглэхийг хичээдэг.
-Сайн байна уу?. Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Мэнд ээ? Намайг Уртнасангийн Чулуунчимэг гэдэг. Айлын 5 дахь охин, одоо хань, 4 хүү, ач хүү бэрийн хамт амьдардаг. Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн. Одоо "Эмэгтэйчүүд гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв" ТББ, Сэтгэл зүйн Боловсрол судлалын үндэсний нийгэмлэг ТББ–ын тэргүүнээр ажиллаж байна.
-Таныг багш, сэтгүүлч, сэтгэл судлаач гэх 3 мэргэжил эзэмшсэн гэж сонссон. Хаана суралцаж, ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
–Би мэргэжил эзэмшсэн гэж хэлж зүрхлэхгүй ээ, зүгээр л суралцсан. Анх МУИС–ийн Ховд дахь салбар сургуулийг Газар зүйн багш мэргэжлээр, дараа нь МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийг сэтгүүлч мэргэжлээр, сүүлд МУБИС-ийн Сэтгэл судлалын магистрт суралцаж дүүргээд, одоо МУБИС-д докторантурын 5-р дамжаанд суралцаж байна. Анх Газар зүйн ангийн оюутан байхад Ховд аймагт богино долгионы FM104 радио нээгдэж, “сайн дурын” хөтлөгчөөр ажиллаж байлаа. Хэсэг хугацааны дараа орон тооны хөтлөгч, нэвтрүүлэгч болж 2 жил тасралтгүй ажилласан юм. Ингэж л миний ажлын гараа эхэлсэн дээ. Дараа нь Газар зүйн ангиа дүүргэсэн жилээ 1-р сургуульд нэг багшийн оронд Газар зүйн багшаар 6 сар ажилласан. 2000 онд сэтгүүлч болох дэврүүн хүсэл мөрөөдлөөрөө, элсэлтийн ерөнхий шалгалтад орж, МУИС-ийн сэтгүүл зүйн ангид 2000-2004 онд, 2004-2006 онд сэтгүүл зүйн магистрт суралцсан. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гээд очиход шавь нар минь ихэд гайхацгааж билээ. Одоо бодоход энэ миний амьдралдаа хийсэн маш том, зөв сонголт байсан. Сэтгүүл зүйн магистрт суралцаж байхдаа ангийнхаа 4 найзтай хамтран өсвөр насныханд зориулсан “Шинэ цонх” сонинг эрхлэн гаргасан. Бидний энэ сонинд сэтгэл зүйн зөвлөгөө болон захидлын хариу гэх мэт сэтгэл зүйтэй холбоотой булантай байсан. Энэ үеэс сэтгэл зүйг бас сонирхдог байж. Тус сонин 2 жил хэвлэгдэн гарсан.
-Сэтгэл судлаач болох сэдэл анх яаж төрөв?
–Би гурван хүүгийн залуу ээж, хань минь сарын талд нь хөдөө ажиллахаар явдаг, ар гэр ахуй бүгд миний нуруун дээр үлддэг байлаа. Энэ үед том хүүгийн маань шилжилтийн нас эхэлж хааяа хүүтэйгээ үл ойлголцоно. Ингээд нэг өдөр би дахиад 2 эрэгтэй дүүтэй нь үл ойлголцвол яах ёстой вэ? Ерөөсөө мэргэжлийн хүнд хандъя гээд Сэтгэл зүйн зөвлөгөөний төв хайж яваад багштайгаа таарсан. Багш минь надад миний эрсэн асуултын хариуг ч өгсөн. Намайг “чи өөрөө сэтгэл зүйч болооч, чамд нэг тийм нандин чанар байгаад байх юм” гэж хэлсэн үг нь миний толгойд дахин дахин эргэлдэж билээ. Би эхлээд өөртөө маш их эргэлзсэн. Ингээд багшийн минь намайг үнэлсэн, надад хэлсэн тэр үг сэтгэл судлаачаар суралцах шийдвэрийг гаргуулж чадсан юм даа. Миний багш Монголын сэтгэл судлалын түүхэнд өөрийн томоос том орон зайг эзэлсэн “Тод од ...” Би багшийгаа Монголын Сэтгэл судлалын шинжлэх ухааны “Загалмайлсан Эх “ гэж боддог.
- Таны аав, ээжийн тухайд, Бага насаа дурсахгүй юу?
– Миний аавыг Дамбийн Уртнасан гэдэг. Аав минь эм зүйч мэргэжилтэй. Гэвч маш олон төрлийн удирдах ажил хийсэн удирдагч, хүүхдүүдийнхээ сайн аав, ээжийн минь сайхан хань. Аавынхаа цагаан цайлган сэтгэл, хурдан шаламгай хөдөлгөөн, хэнтэй ч нөхөрлөж чаддаг үнэнч сэтгэлээр нь үргэлж үлгэр дурайлал авч өссөн дөө. Харин миний ээжийг Шатарбалын Бадамсүрэн гэдэг. Эх баригч, олон сайхан үрсийн “газар ээж”. Харцаараа, үйлдлээрээ бүхий л сэтгэлээ илчилдэг, үг дуу цөөнтэй, тэвчээр хатуужилтай, ажилсаг, өрх гэрийн нэгэн багана.
Миний бага нас хаа газрын хүүхдүүдийн жишгээр л “анги дэвших”, ”дээс тоглох”, үерхэж нөхөрлөж, хайрын зурвас авч дүүрсэн. Би 3 ах, 1 эгч, 1 эмэгтэй дүүтэй. Хоёр эмэгтэйтэйгээ маш ойрхон өссөн. Эгч минь миний үлгэр дуурайлал, нас надаас нэлээн хол ч “Жинхэнэ найз” минь байж чаддаг. Харин дүүтэйгээ маргалдаж, холдохоороо бие биенээ “үхтэлээ санаж” өссөн. Одоо бол миний “зөвлөгч” найз минь.
-Хувь хүний төлөвшил бага наснаас эхлэлтэй гэдэг. Таны өнөөдрийн амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл юу вэ?
– Тийм ээ. Үүнтэй санал нэг байдаг. Бага наснаасаа хүнд бий болсон төлөвшил хүнд насан туршид нөлөөлдөг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан ч үүнийг судалдаг, баталдаг. Миний өнөөдрийн аз жаргалтай амьдралын үндэс суурь нь миний өмнөх үеийн өвөг дээдсийн маань “Хүн шиг амьдраад буцсаных нь эрчим энерги” юм. Миний нагац хөгшин аав бидэнтэй цуг амьдардаг байсан. Тэр хүний цэвэрч нямбай, бүгдийг чанартай, цэгцтэй, ажил хийвэл дуустал хийдэг зан чанарыг харж өссөн. Бид зуны амралтыг ээжийнхээ аав ээж дээр Цэцэг сумын нутаг болох “Булгийн эх” “Өлөнтийн хөндий” “Яргайт” “Арлын ам” гэх газруудад өнгөрүүлдэг байлаа. Өглөө эрт үхрийн зэлэн дээр, хөлөө тугалд гишгүүлж, нойрмоглон халаглан зогссон жаахан охин, зуныхаа амралтыг “шийтгэл” хэмээн бодож явсан тэр л цаг хугацаа, буурлуудын маань “Алтан сургаал”, хайр халамж миний өнөөдрийн гэрэл гэгээтэй амьдралын суурь, эхлэл нь болж өгсөн.
Миний хөгшин ээж маш сайн “сэтгэл судлаач” байсан юм шиг одоо бодогддог юм. Би их жижигхэн биетэй удаан хөдөлгөөнтэй охин байсан. Ийм сул дорой охиноо “Миний охин нисээд ирээрэй, хүний хийж чаддагийг чи чадна” гээд л миний сул талыг надад ердөө ч сануулдаггүй байсан. Ийм хүмүүсийн үргэлжлэл болж төрчихөөд зөв л амьдрахсан гэж үргэлж хичээдэг.
-Та хань, хүүхдүүдийнхээ талаар яриач...?
– Миний ханийг Тогтохын Жаргалсайхан гэдэг, инженер, хуульч мэргэжилтэй. Миний амьдралын “Хаан суудал” гэж би өргөмжилдөг. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт минь. Бид хоёр одоо наймуулаа болсон. Энэ жил том хүү минь өрх тусгаарлав. Дараагийн гурван хүү маань I сургуульд суралцаж байна. Ташрамд хэлэхэд, би маш сайхан хадамтай. Бидэнд маш их түшиг тулгуур болдог, цаг үргэлж бидний төлөө тэд маань зовинож, тусалж, дэмжиж байдаг. 3 дахь хүүгээ төрүүлчихээд өндөр орноос буугаагүй хэвтэж байхад хадам аав минь утсаар холбоо бариад хоолой чичрүүлж, баярын нулимстай надад баяр хүргээд, “Миний охин ингээд манай дархан бэр” боллоо гэж байсан юм. Тэдэндээ үргэлж талархдаг шүү.
-Таны ажлын талаар ярилцъя. Таныг орон нутагтаа сэтгэл зүйн төв нээсэн гэж сонссон?
– Би сэтгэл судлалын магистрын зэрэг хамгаалсан даруйдаа л маш богино хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр “Эмэгтэйчүүд гэр бүлийн сэтгэл зүйн төв" ТББ-ыг магистрын ангийнхаа дүү нартайгаа хамтран байгуулсан. Анх төвөө нээж байсан нь зоригтой шийдэмгий алхам байсан ч, эргээд дурсахад дөнгөж сургуулиа төгсчихөөд ийм том салбарт яаж чадна гэж өөртөө итгэсэн юм бол гэж хааяа бодогддог. Яахав суралцаж байхдаа би нэлээд эрэл хайгуул хийдэг байсан. Сэтгэл зүйн төвүүдээр цаг авч өөрөө үйлчлүүлнэ, сэтгэл заслын үйлчилгээнд хүртэл явж байсан. Бас сэтгэл зүйчийн ур чадвар олгох курс, ХБНГУ-ын сэтгэл засалчдын холбооны сургалтад суралцсан.
2018 онд хань минь Ховд аймагт ажиллах болж манайх шилжиж ирээд, нутагтаа бэртэйгээ хамтран сэтгэл зүйн төвийнхөө салбарыг нээсэн. Бэр маань сэтгэл судлаач, миний шавь.
-Та одоо Спортын сэтгэл судлаачаар ажиллаж буй. Яагаад энэ чиглэлийг сонгох болов?
– Миний хувьд “Ээж хөвгүүдийн харилцаа, өсвөр насны хөвгүүдийн сэтгэл зүйн онцлог“ сэдвээр магистрын дипломын ажлыг хийж хамгаалсан. Эхчүүдэд, хөвгүүдэд зөвлөгөө өгч байсан. 2015 оны намар нөхөр маань Ховд нутгийн нэгэн барилддаг хүү байна, миний бодлоор сэтгэл зүй нь л их тааруу санагдаад байх юм. Миний хань нэг уулзаад үзэх юм уу? Энэ хүүд тусалчихмаар санагдаад байна гэхэд нь “Миний ханиа чи юу бодож сэтгээд байна аа, спортын сэтгэл зүй гэдэг чинь өөр, би чадахгүй“ гэж хэлсэн. Тэгтэл минь миний өмнөөс шийдвэр гаргаад, эхнэр чамтай ажиллана гэсэн гээд өнөөх хүүд хэлчихсэн байдаг байгаа. Ингээд одоогийн Монгол Улсын Харцага Баярхүүгийн Бат-Өлзийтэй анх ажиллах хариуцлагатай ажлаа эхлүүлсэн дээ. Үндэсний бөхийн тухайд гэвэл миний ойлголт маш тааруу, бөхийн өргөөнд орж ч үзээгүй байсан, гэхдээ бага байхдаа хөдөө хөвгүүдтэй ноцолддог байсан шүү. Заалны бүх барилдааныг очиж үзнэ, бичлэг үзнэ, дүгнэлт хийнэ, үндэсний бөхийн түүхийг судалж эхэллээ. Эхэндээ Б.Бат-Өлзий маань нэгийн даваанд л өвдөг шороодчихно, хэсэг хугацаа өнгөрч миний урам хугарахын даваан дээр 2 давдаг боллоо, тэгээд 3, 4, 5 давдаг болж үзүүрлэж эхлэв. Үнэхээр их урам зориг авч, ажилдаа дурласаар байсан. Б.Бат-Өлзий маань маш сайн шавь болж чадсан. Б.Бат-Өлзийгийнхөө Харцага цолны найран дээр О.Хангайтай уулзаж, хамтран ажиллах болсон. Ер нь би бөхийн барилдаан үзэх бүртээ Ховдын бөхчүүдийг их ажигладаг байсан нь О.Хангайтай ажиллахад их дөхөм болсон.
2018 оны Чөлөөт бөхийн Улсын аваргад оролцуулахаар Үндэсний бөхийн гурван шавиа дагуулаад хань бид хоёр Эрдэнэт хотыг зорив. Энэ үеэр МЧБХ-ны ерөнхий дасгалжуулагч Б.Баттулга надад ажлын санал тавьж, би Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 8 тамирчинтай /4 эрэгтэй, 4 эмэгтэй/ ажиллаж эхэлсэн. Одоо чөлөөт бөхийн 14 тамирчинтай ажиллаж байна. Энэ хоёр жилийн хугацаанд миний тамирчдын амжилт дандаа өгсөх шатлалаар дээшилж байгаа. Хоёр удаа Дэлхийн аваргад явлаа, том жижиг бүхий л тэмцээнийг очиж үзэж судалгаа хийж, суралцаж байна даа. Хоёр удаагийн Дэлхийн аваргаас Б.Шоовдор шавь минь дараалан хүрэл медаль хүртсэн. Энэ жил Т.Тулга маань Олимпийн эрхээ авлаа. Олон сайхан амжилтууд бий.
-Та энэ жил Ховд аймгийн волейболын идэрчүүдийн багийн тамирчидтай ажилласан. Энэ талаар?
– Миний хувьд багийн спортын төрлөөр ажилласан хоёр дахь тохиолдол байсан. Цахим орчинд нэг мэдээ санамсаргүй үзсэн л дээ. Волейболын Идэрчүүдийн Улсын аваргын тэмцээн Ховд аймагт болно. Тус аймгаас оролцох шигшээ багт спортын сэтгэл судлаач ажиллуулна гэх мэдээлэл байсан. Тухайн үед хэн гэдэг сэтгэл зүйч ажиллах гэж байгаа юм бол гэж бодсон. Учир нь спортын сэтгэл зүйч цөөхөн байдаг. Надад хэн ч ажиллах санал тавиагүй л дээ. Ингээд ханиасаа асуусан, манай аймгийн багтай спортын сэтгэл зүйч ажиллаж байна уу? Ажиллаагүй бол оройтлоо шүү гэсэн. Тэгтэл хэн ч ажиллаагүй хэн ажиллах нь тодорхойгүй байсан. Ингээд би бас л “сайн дураараа“ ажиллахаар болж эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчтай утсаар холбогдсон даруйдаа, спортын ордон дээр хөвгүүдийн бэлтгэл дээр нь очиж танилцсан. Би хоёр багийнхаа хүүхдүүдтэй уулзаад л "Би ажиллана" гэсэн шийдвэрийг гаргасан. Хөвгүүдийн хувьд чадвар маш өндөр хэрнээ сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүй, багаасаа сурсан дассан урсгалаараа тамирчин болох гэж яарсан, “Би” гэх үзэлтэй хүүхдүүд угтсан. Угаасаа бүгд багийнхаа нэг номерууд, шилдгүүд байсан. Орой нь охидын байрлаж байсан байранд нь очсон, тэдэнтэй танилцаж ярилцсан. Ингээд бидний ажил гутлаа зэрэгцүүлж тавих, хувцсаа эвхэх, хэрэглэснээ байранд нь тавих, эмх цэгцтэй байхаас эхэлсэн дээ. Манай хүүхдүүд маш хурдан өөрчлөгдөж байлаа. Бид өглөөд хамт алхаж, хамт хооллож, заримдаа хамт хонож байсан. Тэдний надад дасч, итгэх итгэл үнэмшил надад маш их урмыг өгч байсан шүү. Хорь орчим хоног ажилласны дараа Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймагт болж, хөвгүүд амжилттай сайн, охидын баг хангалтгүй оролцлоо.
Би энэ тэмцээнд явах явахгүй нь маш тодорхойгүй, Чөлөөт бөхийн Азийн U23 тэмцээнтэй 7 хоног УБ хотод ажиллаад Ховдод ирсэн өдөр хүүхдүүд тэмцээндээ явчихсан байлаа. Багшаа /намайг багшаа гэж дууддаг/ та араас ирнэ биз дээ, та амласан ирж байна уу? Гарч байна уу? гээд л ээлжлэн утсаар холбогдож байв. Энэ хоёр багтай ажиллахад надад ямар нэгэн гэрээ, цалин хөлс байхгүй учир яахаа мэдэхгүй байсан. Харин миний хань намайг дэмждэгээрээ дэмжсэн. Тэр үед бидний санхүү тааруухан байсан учир, ханийхаа хөөргийг барьцаанд тавиад том хүүгээрээ машин бариулаад дунд 2 хүүгээ дагуулан жижиг хүүгээ уйлуулан үлдээгээд Говь-Алтай аймгийг зорилоо. Бид ийм шийдвэр гарган явсандаа маш том “олзтой” буцсан. Охидын багийн хожигдлыг яг дэргэдээс нь нүдээрээ харж, мэдэрч, гаргасан алдаануудыг засахад анхаарч, төвлөрч ажилласан. Энэ аялал, энэ шийдвэр Улсын аварга охидын баг болоход жаахан ч гэсэн нөлөөлсөн гэж би хувьдаа боддог юм. Волейболын багт ажиллаж байсан тэр өдрүүд одоо ч миний сэтгэлд тод үлдсэн. Би хүүхдүүддээ маш их ээнэгшсэн, дассан. Тэднийгээ бүр санадаг шүү.
Нутаг усаа гэсэн сэтгэл зүрхнийхээ дуудлагаар өөрөө “сайн дураараа” л ажилласан. Тамирчин хүүхдүүд маань л намайг ойлгож, үнэлсэн бол тэр миний хувьд маш том шагнал...
-Та саяхан 200 орчим ахмад настантай уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн. Ахмадуудад бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ гэж сонсож байснаас сэтгэл зүйтэй нь тулж ажилласан хэмээн сонсоогүй юм байна?
– Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран ахмад настны сэтгэл зүй, оюуны дархлааг дэмжих, өөртөө итгэх итгэл, амьдралын идэвхийг дээшлүүлэхэд чиглэсэн оношилгоонд суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Ахмад настны гэрээр зочилж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ”–г өнгөрсөн хугацаанд үе шаттайгаар зохион байгуулсан. Жаргалант сумын 12 багийн 55-аас дээш насны 200 орчим ахмад настантай уулзахад нийтлэг ажиглагдсан зүйл гэвэл сэтгэл гутрал, ганцаардал байна. Өвчнөөс шалтгаалсан гуниг, хүнд тоогдохгүй байх гэх мэт хүндрэлтэй асуудал байна. Эдгээрийн шалтгаан нь тэд бүх насаараа ажлын төлөө өөрийн биеийг харамгүй зориулсан.
Бидний эрх чөлөөтэй, амар тайван амьдралыг бий болгохын тулд бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж явсан эдгээр ахмадыг төр засаг нь өдгөө дэмжээсэй. Бас гэр бүл, үр хүүхдийн анхаарал, халамж зайлшгүй шаардлагатай байна. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг 1-2 удаа үзүүлснээр хэсэг хугацаанд л сэргэнэ. Бид цөөхөн хором өөрийгөө авч явах бяцхан гэрэл гэгээ өгөөд явдаг. Тиймээс ахмадуудад зориулсан сэтгэл зүйн үйлчилгээг тогтмол зохион байгуулж хэвшмээр байна. Энэ ажлыг дэмжих олон сэтгэл зүйч, мэргэжилтэн ажиллаж байвал сайхан. Гарц шийдэл нь тэр. Бид байнга очиж үйлчлэх шаардлагатай. Ахмад настанд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлснээр тэдэнд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц гарна. Ахмад настны сэтгэл зүйн гутрал, түгшүүр, зовинолыг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа шаардлагатай. Миний хувьд ажил дууссан ч гэсэн зарим ахмад настантай эргээд уулздаг. Манай аймагт 8-9 сэтгэл зүйч мэргэжилтэй хүмүүс байна. Тэд ажлын байраа өөрөө бий болгоод мэргэжлийнхээ дагуу ажиллах хэрэгтэй гэж уриалмаар байна. Сэтгэл зүйч мэргэжил эрэлттэй, нийгэмд хэрэгцээ шаардлага нь байна.
- Та хөдөөгийн сумдад нэлээн олон удаа ажилласан биз дээ?
–Анх 2014 оны 8 дугаар сард аймгийнхаа зүүн бүсийн 9 суманд ажиллаж байсан. Тухайн үед хүмүүсийн харах өнцөг, хандлагаа эерэг болгох, амьдралын хэмнэлээ зөв байлгахад уриалсан агуулгатай сэтгэл зүйн боловсролын талаар лекц уншиж байлаа. 2016 оны 10 дугаар сард хоёр дахь удаагаа сумдаар явж ажилласан. Түүнчлэн өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард 21 хоногийн хугацаатай 15 суманд ажиллаж, сэтгэлд зүйн боловсролын лекц уншиж, зөвлөгөө өгөв. Тухайн үед аймгийн ЗДТГ- тай хамтран ажилласан учраас нэлээд өргөн цар хүрээтэй, эерэг энерги, эрч хүч авсан ажил болсон юм. Сэтгэл зүйн үйлчилгээнд цаг хугацаа их шаардана. Олон удаагийн уулзалт, ярилцлага хийснээр үр дүн гардаг.
-Та цахим орчинд эерэг хандлага түгээж байна. Энэ тухайд?
– Би “Хүчирхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг” группээр дамжуулан “Онлайн дасгалжуулалт” үйл ажиллагаа явуулж байна. Өглөө эрт босох, орой эрт унтах, амьдралын хэмнэлээ зөв болгох, ажлаа амжилттай бүтээх талаар зөвлөмж өгч, харилцан санал солилцдог.
Онлайн дасгалжуулалтыг анх 2016 онд эхэлсэн. Тус онд гурван удаа амжилттай хийгээд хэсэг хугацаанд завсарласан. Харин энэ онд дахин эхлүүллээ. Одоогийн байдлаар 14 хоног эмэгтэйчүүдтэй хамтдаа байж, цахим сүлжээгээр дамжуулан сургалт явуулж байна. Одоогоор 11 бүсгүй хамрагдсан бөгөөд удахгүй нүүр тулсан уулзалт хийхээр төлөвлөж байна. Дараагийн уулзалтаар эмэгтэйчүүд мөрөөдлийн самбар бүтээнэ. Онлайн дасгалжуулалтын үр дүнгийн талаар дүгнэн ярилцаж, харилцан туршлага хуваалцах юм. Хүн хүсэх л юм бол хаанаас ч суралцаж болно.
-Таны цаашдын зорилтын талаар сонирхъё?
– Энэ оны зорилго гэвэл маш тодорхой байгаа. 2020 он олимпийн жил. Тэгэхээр олимпийн амжилтын төлөө өөртөө байгаа бүхий л боломж бололцоогоо бүрэн дүүрэн дайчилж, сэтгэл оюун бүхнээ зориулан ажиллах болно.
Энэ ташрамд, ажил мэргэжлийн онцлогийг маань үргэлж ойлгож дэмждэг хайрт хань, хөвгүүддээ, бэрдээ, аав ээж, ах эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Н.Лхагва