Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-119 дүгээр тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам” баталсан байдаг. Энэ журмын дагуу “Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо” байгуулжээ. Тус хороо “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2019 онд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалт” явуулж байгаа нь энэ юм. ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 2019 оны Улсын төсөвт нийт 47 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс Ховд аймгийн хэмжээнд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн шинэчлэгдсэн журмын дагуу энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд орон нутагтаа төслүүдийг хүлээн авсан юм. Үүнд, Ховд аймгийн хэмжээнд 59 иргэн, аж ахуйн нэгж төсөл ирүүлсэнээс 37 төсөл нь эхний шатандаа шалгарсан байна. Тэгвэл энэ сарын 05-ны өдөр “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2019 онд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулалт”-ын хоёр дахь шатны шалгаруулалтыг зохион байгуулав.
ВИДЕО:Энэ үеэр өмнөх шатанд шалгарсан төслийн товч танилцуулга хийж, иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааны тогтвортой байдал, онцлог, давуу тал, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан байдал зэргийг “Хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо”-ны хуралдаанаар авч хэлэлцсэн юм.
Тус хорооны гишүүд төсөл сонгон шалгаруулалтад оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжид экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 5-с доошгүй эил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, улмаар байнгын ажлын байр шинээр бий болгосон байх, шинэ техник технологи нэвтрүүлэх, импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгальд хор нөлөөгүй байх зэрэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж, дүгнэж байна. Төсөл сонгон шалгаруулалтын нэгдсэн дүн хараахан гараагүй байна.