Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилгоор жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ зохион байгуулдаг. 2018-2019 оны хичээлийн жилийн ЭЕШ-ын хуваарь, шалгалт зохион байгуулах бэлтгэл ажлын явц, анхаарах асуудлын талаар Ховд аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Батнасангаас тодрууллаа.
-Энэ жил, Ховд аймагт хичнээн сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн вэ? Шалгалт хэзээ, хаана болох вэ?
-Ховд аймгийн хэмжээнд 747 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалт зургаадугаар сарын 17-20-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр болно. Тус сургуульд шалгалт авах зориулалт бүхий 30 гаруй анги танхим байдаг. Сүүлийн 10 орчим жил уг сургууль дээр ЭЕШ-ыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ жилийн тухайд, ЭЕШ-д оролцогчдын тоо өмнөх онтой харьцуулахад бага байгаа учраас 16-17 ангид шалгалт авах хуваарь гаргаж, камер, сонсох төхөөрөмж суурилуулсан байгаа.
-Сурагчид шалгалтад орохдоо хэдэн төрлийн материал бүрдүүлсэн байх вэ?
-Сурагчид буюу шалгуулагчид дөрвөн төрлийн материал бүрдүүлэх учиртай. Нэгдүгээрт бүртгэлийн хуудас. Энэ онд ЕБС төгсөж байгаа шалгуулагч нь сургуулийн захирлаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байна. Өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авах боломжтой. Хоёрдугаарт суудлын хуваарь хэрэгтэй. Үүнд, шалгалт өгөх байр, анги танхим, ширээ сандлын дугаарыг заасан байдаг. Гуравдугаарт бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирээрэй. Дөрөвдүгээрт цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг шаардлагатай. Хэрвээ цахим үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж байгаа орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан баримт бичиг, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
-Шалгалт өгөх сурагчдын анхаарах зарим зүйлээс дурдвал...?
-Цаг барих асуудал хамгийн чухал. Ховд аймгийн цагийн бүслүүр Улаанбаатар хотынхоос нэг цагийн зөрүүтэй. Тийм учраас сурагчид шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Мөн шалгалтын анги танхимд харандаа, үзүүрлэгч, баллуур бэлдсэн тул сурагчид харандаа, гар утас, тооны машин, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
-Энэ жил шууд засалтын “Шилэн технологи” нэвтрүүлж байгаа гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Тиймээ, Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д шууд засалтын шилэн технологи нэвтрүүлэх ажлыг аймаг, нийслэлийн 32 шалгалтын төвд зохион байгуулна. Ингэснээр шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах боломж бүрдэх юм. Өмнө нь 14 хоногийн дараа ЭЕШ-ын дүн гардаг байсан бол 2019 оны элсэгчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлогтой. Магадгүй, сурагч шалгалтын дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол тухайн шалгалтын материал засалтын явцад гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлнэ. Хэрвээ тухайн хүүхэд анги танхимаас гараад хэсэг хугацааны дараа эргэн ирж гомдол гаргасан тохиолдолд дахин хянан шалгах боломжгүй юм.
-Шалгалт авах комисс, хянагч багшаар хичнээн мэргэжилтэн ажиллах вэ?
-Боловсролын үнэлгээний төвийн 2-3 мэргэжилтэн, Ховд аймгийн БСУГ болон ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 6 хүн, 32 хянагч багш гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажиллахаар төлөвлөж, шалгалтын бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
ВИДЕО: