Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хэрэгжиж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хүүхдийг Ивээх сангаас “Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн үйл ажиллагаа ирэх 12 дугаар сар хүртэл үргэлжилж, Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын тусламж үйлчилгээг иргэдийн оролцоотойгоор сайжруулах юм.
Тус төслийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, оролцогч талуудын хүлээх үүрэг, эгэх хариуцлага, иргэдийн оролцоог тодорхойлох зорилгоор “Төслийн орон нутгийн хамтрагч байгууллагуудын уулзалт”-ыг өнөөдөр зохион байгуулав. Энэхүү уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, “Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төслийн орон нутгийн зохицуулагч Ч.Одонтуяа болон төслийг хамтран хэрэгжүүлэгч, дэмжигч байгууллагуудын төлөөлөл 30 гаруй хүн оролцлоо. Уулзалтын хүрээнд “Ховд аймгийн Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь” дэд төслийн зорилго, зорилтын талаар танилцуулсан бөгөөд уг төсөл хэрэгжихэд төр-иргэн, ТББ болон хамтрагч байгууллагуудын оролцоог хэрхэн бий болгох, улмаар эрүүл мэндийн салбарт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.
Эрүүл мэндийн тухай хуулинд “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчимд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгоно” гэж тусгасан байдаг. Тэгвэл иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх анхан шатны байгууллага нь өрх, сумын эрүүл мэндийн төвүүд юм. Иймд, Ховд аймгийн Жаргалант сумын “Жаргалан”, “Баатархайрхан” ӨЭМТ, Үенч сумын эрүүл мэндийн төв, Мөст сум дахь сум дундын эмнэлэг болон түүгээр үйлчлүүлж буй иргэд энэхүү төсөлд хамрагдахаар болжээ. Төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэргүүлэх түвшинд анхаарч стандартад тусгагдсан тусламж үйлчилгээг шат дараатай сайжруулах юм. Ингэснээр иргэдийн нийгмийн асуудал сайжрах, хоёр ба гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал буурах, үр ашиггүй зардлуудыг багасган санхүүжилтийг ашигтайгаар зарцуулах нөхцөл боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
Цаашид олон нийтийн оролцоотойгоор эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүчин чадал, нөхцөл байдлын үнэлгээ хийж, тус үнэлгээнд үндэслэн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоот бодлого төлөвлөлтийн аргаар үр ашигтай төлөвлөлтийг эрүүл мэндийн байгууллага орон нутгийн хэмжээнд бий болгох, төсөвт суулгуулах нөлөөллийн ажил хийх юм. Мөн төсөл хэрэгжүүлэхээр сонгосон ӨЭМТ, СЭМТ, СДЭ-ээр үйлчлүүлдэг иргэдэд нийгмийн эгэх хариуцлага болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар мэдээлэл түгээх тогтолцоог бий болгох зорилт тавьж байна.