Азийн хөгжлийн банк нь МУ-ын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран
“Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийг 10 жилийн хугацаанд олон шатлалт зээлийн шугамаар хэрэгжүүлэхээр болж, Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймагт төслийн эхний үе шатыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, хөдөөгийн болон бизнесийн хөгжлийн талаар судлах, орон нутгийн салбар бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор
“Азийн хөгжлийн банкны “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн баг” энэ оны 11 дүгээр сарын 25-29-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа. Төслийн баг нь 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзалт хийв.
Уулзалтын хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн зорилго, зорилт, орон нутгийн салбар бүрт хийсэн судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар санал солилцсон юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд нь Ховд хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөртэй уялдаж байгааг онцолж, иргэдийн оролцоотойгоор хамтран ажиллана" гэдгээ илэрхийлэв.
Мөн
“Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн баг нь Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт цэвэр технологийн дагуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, соёлын өв, уламжлалыг хадгалсан хуучин барилга байгууламжуудыг сэргээн засварлах, Мал аж ахуй, газар тариалан, хүнс, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагааг сайжруулах замаар хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, Гэр хорооллыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох, Жаргалант сумын Наран, Тахилт багийн хөрсний нягтралыг сайжруулах, малын тэжээлийн ургамлыг усалгаат талбайд тариалах зэрэг ажлуудыг анхаарч, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэж хэллээ.
Н.Лхагва