“Эрчим хүчний хэмнэлт ба зохицуулалт” сэдэвт сургалт, зөвлөгөөн болов



Эрчим хүчний зохицуулах хороо, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл хамтран Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх талаар тодорхой чиглэл, зөвлөмж өгөх, дулаан, цахилгаан, барилгын эрчим хүчний хэмнэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэдээлэл хүргэх, харилцан санал солилцох зорилгоор “Эрчим хүчний хэмнэлт ба зохицуулалт” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Т.Жаргалсайхан болон зөвлөлийн гишүүд, албан байгууллагуудын удирдлага, сумдын Засаг дарга нар, орон нутгийн дулаан хангамж хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын инженер, техникийн ажилтнуудын төлөөлөл 80 гаруй хүн оролцож, орон нутгийн дулаан хангамж, түүний үр ашгийг дээшлүүлэх боломжуудын талаар ярилцлаа.



Тус зөвлөгөөний хүрээнд аймгийн Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Б.Нямхүү "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг мөрдөх" тухай, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын орон нутаг хариуцсан мэргэжилтэн Д.Машбат, ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн, МУ-ын зөвлөх инженер Н.Бадамцэцэг нар “Эрчим хүчний хэмнэлтийн бодлого, хууль эрх зүй”, “Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх аргуудын талаар тус тус мэдээлэл хийсэн бөгөөд “Аймгийн Эрчим хүчний хэмнэлтийн дэд хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулж байна. Энэ үеэр мэргэжилтнүүдийн зүгээс Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу эрчим хүч дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх эрчим хүч хэмнэлтийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хангагч, хэрэглэгч хоорондын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, эрчим хүчний зах зээл дээр шударга өрсөлдөөн бий болох нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв. 



Мөн эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны зохицуулалтын орчинг сайжруулах, эрчим хүч хэрэглэгчдэд хэмнэлтийн бодлогыг хүргэх чиглэлээр шинэлэг ажлуудыг хамтран зохион байгуулж ажиллахыг уриалсан юм.



Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ