Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж Ховд аймгаас 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж халагдсан хилчин дайчдыг хүлээн авах арга хэмжээг өнөөдөр /2024.05.01/ аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Хилчин дайчдыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Б.Ганхуяг, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч, Хурандаа Б.Батхүү болон сумдын удирдлагууд, гэр бүл, ах дүүс, найз нөхөд, ард иргэдийн төлөөлөл угтан авлаа.
Орон нутгийн удирдлагууд дайчдад хандан өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн албаа нэр төртэй хааж “Эх орны хүү” болсонд баяр хүргэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.
Монгол улсад Генерал цол олгож эхэлсний 80 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас төрөн гарсан төрийн генералууд болох хошууч генерал Б.Баябазар асны үр хүүхдүүд болон бригадын генерал Т.Хүрэлбаатар нараас санаачлан тус сумаас хугацаат цэргийн албанд татагдаж албаа үлгэр жишээ хаасан нэг дайчныг жил бүр уламжлал болгон шагнахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2023 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж албаа хаасан дайчдаас байлдагч М.Гантулгад энэхүү шагналыг гардуулан өглөө.
Ийнхүү аав, ээжийн хөвгүүд нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж, эх орныхоо торгон хилийг 365 хоног сахин хамгааллаа.