2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Ховд аймагт дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлнэ.
Аймгийн Засаг даргын захирамжаар цэрэг татлагыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболдоор ахлуулсан тус ажлын хэсэг 17 суманд хуваарийн дагуу цэрэг татлагыг зохион явуулна.
Монгол улсын үндсэн хуульд заагдсан иргэний үүргийн дагуу 18-26 насны залуучууд цэрэг татлагат хамрагдах ёстой.
Цэрэг татлага зохион байгуулахтай холбогдуулан өнөөдөр /2024.04.11/ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас сумдын ЗДТГ-ын дарга нар болон цэрэг татлагын товчооны эмч нарыг хамруулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтад 17 сумын Засаг даргын Тамгын газрын дарга, БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар хамрагдсан юм.
Сургалтын эхэнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Б.Ганхуяг сургалтын зорилго, зорилтын талаар болон Ховд аймагт 2023 онд Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан томоохон ажил арга хэмжээний танилцуулга мэдээлэл хүргэж, цэрэг татлагыг зохион байгуулахад анхаарах зарим асуудлын талаар заавар, зөвлөмж өглөө.
Мөн 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулах болон Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, томилгоот нэгжийн бүрэлдэхүүнийг томилгоожуулах, тодотгох, нөөц, бүрдүүлэх зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд сургалтад оролцогчдод мэдээлэл хийв.