Казах түмэн соёлын өв, ёс заншлын өвөрмөц онцлогтой ард түмэн. Өв соёлоо мартагдуулахгүйгээр ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах олон талт ажил арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний нэг нь Казах түмний давтагдашгүй соёлын өв болсон харилцаа дууны
“Айтыс” олон улсын наадам юм.
“Койнауы кут Кобда” айтыс олон улсын наадмыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёлын урлагийн газар хамтран энэ сарын 20,21-ний өдрүүдэд Ховд хотноо зохион байгуулж байна.
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор явагдаж буй тус наадамд Монгол улсаа төлөөлж Ховд, Баян-Өлгий аймаг, ОХУ, БНХАУ-ын ШУӨЗО, Бүгд найрамдах Казахстан, Киргизстан, Узбекистан, Турк зэрэг улсын өвлөн уламжлагчдын төлөөлөл 24 авьяастан оролцож байна.
Тэд мэндчилгээ, Казах түмний соёлын өв, чөлөөт сэдвийн хүрээнд 3 үе шатанд харилцаа дуугаараа өрсөлдөнө.
Айтыс нь талууд тогтоосон цагт багтаан домборын аялгуунд шууд шүлэглэн дуулж, нийгмийн эерэг болон сөрөг үзэгдлүүдийг ил тод гаргаж шүүмжлэх, эх орон ард түмний түүх соёл, зан заншлыг таниулах, хошин шог яруу найргаар хоорондоо мэтгэлцэх зэргээр өрсөлдөж бие биенийгээ ялах онцлогтой уран үгсийн өвөрмөц урлаг юм.