Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Монголын хөл бөмбөгийн холбоо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд “Дасгалжуулагч багш” бэлтгэж байна.Өнөөдөр /2024.05.06/ манай аймгийн ЕБ-ын 25 сургуулийн биеийн тамирын багш нар "D" ангиллын дасгалжуулагчийн эрх олгох сургалтад хамрагдаж байна.Аймгийн ИТХ-ын дарга, Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Г.Пүрэвганди сургалтыг нээж хэлсэн үгэндээ: "Ховд аймгийн ИТХ-аас “Спортын Аваргууд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөдөө орон нутагт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хөлбөмбөгийн спортод хандах хандлагыг өөрчлөх, Хөлбөмбөг сонирхогчид, дэмжигч хүүхэд багачууд, охид залуус ирээдүйд алдар нэрээ цуурайтуулсан хөлбөмбөгийн тамирчдыг нээн илрүүлэх, тэднийг дэмжих талаар багагүй ажлуудыг хийсээр ирсэн. Хөлбөмөгийн спортыг хөгжүүлэх чиглэлд Монголын хөлбөмбөгийн холбоо анхаарч, биеийн тамирын багш нарыг дасгалжуулагчаар бэлтгэж байгаад талархаж байна. Та бүхэн хөлбөмбөгийн спортыг өөрийн орон нутагтаа хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсье" гэв.Уг сургалтын үйл ажиллагаа гурван өдөр үргэлжлэх бөгөөд FIFA Football for schools апплекейшн дээр үндэслэн, онол, практик хосолсон байдлаар явагдаж байна. Мэргэжлийн дасгалжуулагчийг ийнхүү бэлтгэснээр хөдөө орон нутагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боломж өргөжнө. Энэ төрлийн спортыг сонирхон хичээллэдэг хүүхэд, залуусын тоо нэмэгдэх юм. Мөн сургуулийн орчинд хөл бөмбөгийн спортод ээлтэй байдал бүрдэх аж. Судалгаанаас үзэхэд, Ховд аймагт хөл бөмбөгийн спортоор хичээллэгсэд, сонирхогч, дэмжигч гээд 500 гаруй хүүхэд, залуус байна. Аймгийн хэмжээнд одоогоор нэг холбоо, нэг клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид бүх сургууль хөл бөмбөгийн багтай болох зорилт дэвшүүлжээ. Огноо: 5/6/2024 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1053 Мэдээ таалагдсан: