Орон нутгийн театр, чуулгуудын дунд дөрвөн жилд нэг удаа болдог “Шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах” улсын уралдаан энэ жил бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдахаар болжээ.
Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн дөрвөн театр нийлж, нэг бүтээлээр баг болж баруун бүсээ төлөөлөн оролцох юм.
Үүнтэй холбогдуулан Баруун бүсийн ахлагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонгоор ахлуулсан дээрх аймгуудын театрын удирдлага, уран сайхны зөвлөлийн гишүүд аймгийн Засаг дарга Э.Болормаатай уулзав.
Уулзалтаар уралдаанд оролцох бэлтгэл ажил, төлөвлөгөөгөө танилцууллаа. Мөн уран бүтээлээ эхлүүлэхэд шаардлагатай төсөв санхүү дээр дэмжлэг үзүүлж, Баруун бүсийн зөвлөлийн даргын хувьд бусад аймгуудын Засаг дарга нарыг уриалж хамтарч ажиллаж өгөхийг хүсэв.
Засаг дарга Э.Болормаа бүсийн зөвлөлийн даргын хувьд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэгээр тодорхойлсон байдаг.
Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн Монголын урлагын ажилтны холбоо /МУАХ/, Соёлын яамнаас “Шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах” уралдааныг 4 бүсэд хувааж нэгдсэн бүтээлээр оролцуулахаар шийдвэрлэжээ.
Уралдаан есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Тэд баруун аймгуудын өв соёлын онцлогийг харуулсан шилдэг дуу, хөгжим, бүжгийн бүтээлүүдээс бүрдсэн концертын төрлөөр оролцохоор төлөвлөжээ.