БНХАУ-ын Анхуй аймгийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид Ховд аймагт ажлын айлчлал хийлээ.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Х.Батболд болон албаны төлөөлөл Анхуй аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны намын удирдах бүлгийн гишүүн, Сангийн хяналтын хорооны дарга Зэн Чуанфа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Аймгийн Засаг дарга Э.Болормаа өнгөрсөн хугацаанд хоёр аймгийн хамтын ажиллагаа үр өгөөжтэй байсныг онцлоод цаашид ч энэ харилцааг үргэлжлүүлэн эдийн засаг, худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Анхуй аймгийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид Ховд аймагт ажиллах үеэр аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн удирдлага төлөөллүүдтэй мөн уулзалт хийлээ.
Ховд аймаг нь 2019 онд Анхуй аймагтай найрсаг харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан байдаг.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах төслийн талаар талууд санал солилцов.
Мөн Шинэ Ховд ҮТП-ын төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, Ховд аймагт хэрэгжих төслүүдийн талаар өргөн мэдээлэл авлаа.