Байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах баруун бүсийн сургалт энэ сарын 17,18-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо.
Баруун таван аймаг, сум, сав газрын захиргаа, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчны хяналтын Улсын байцаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой уг сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар, Салбарын хяналтын газар, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулав.
Сургалтаар хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн ус, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, мөнгөн усны хор нөлөө болон холбогдох хууль эрх зүйн орчин, салбараас баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл өгсөн юм.
Сургалтад баруун таван аймгийн 180 гаруй улсын байцаагч оролцов. Баруун бүсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчид чуулснаар энэ салбарт тулгамдаж буй асуудал, учирч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн олон санал санаачлага гарч, үр дүнтэй сургалт болсныг оролцогчид онцолж байлаа.