Баруун бүсийн тулгуур төв Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг уялдуулах, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс
“Баруун Бүсийн Зөвлөл” шинэчлэн байгуулагдсан. Тус зөвлөлийн анхдугаар хуралдаан 04 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд боллоо. Хуралдаанд Ховд аймгийн Засаг дарга, Баруун Бүсийн Зөвлөлийн дарга Д.Галсандондог болон Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй Баруун бүсийн зөвлөлийн гишүүд оролцов. Хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга, Баруун Бүсийн Зөвлөлийн дарга Д.Галсандондог бүс нутгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, бүсийн нутгийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, цаашид бүсийн аймгуудын хамтын ажиллагааг сайжруулахад Бүсийн хөгжлийн стратеги төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай болохыг онцлон хэллээ. Мөн Баруун бүсийн аймгуудаас
“Улсын тэргүүний сум” шалгаруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан
“Улсын тэргүүний сум шалгаруулах болзол”-д өөрчлөлт оруулах талаар, Бүсийн зөвлөлийн ажлын төлөвлөгөө, зөвлөлийн сан бүрдүүлэх тухай тус тус хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Энэ үеэр Баруун Бүсийн Зөвлөлийн гишүүдийн зүгээс Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор баталсан
“Улсын тэргүүний сум” шалгаруулах болзлыг жил бүр зохион байгуулах тухай санал гаргаж Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжлахаар болов. Мөн жил бүр
“Баруун Бүсийн Шилдэг Сум” шалгаруулж батламж, мөнгөн шагналаар урамшуулахаар болж, Баруун бүсийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөний төслийг энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө боловсруулж, бүсийн зөвлөлийн гишүүдийн саналыг тусгахаар шийдвэрлэв.
Түүнчлэн Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан
“Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу энэ онд Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-Өлгий аймгийн Толбо сум нэр дэвшиж, холбогдох материалаа Баруун бүсийн зөвлөлд хүргүүлсэн юм. Тухайн сумдын ажлыг газар дээр нь шалгах, дүгнэх зорилгоор Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Баруун Бүсийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Ганболдоор ахлуулсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” ажлын хэсэг 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх 5 суманд ажилласан. Уг ажлын үнэлгээний нэгдсэн дүнг Баруун бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаанд танилцуулав.
Үнэлгээний нийт дүнгээр Увс аймгийн Бөхмөрөн сум 393.2, Ховд аймгийн Булган сум 392.2, Завхан аймгийн Тосонцэнгэл сум 385.7, Говь-Алтай аймгийн Төгрөг сум 351.85, Баян-Өлгий аймгийн Толбо сум 329.52 оноо авчээ. Ингэснээр Баруун бүсийн зөвлөлөөс
“Улсын тэргүүний сум” шалгаруулах болзолд Увс аймгийн Бөхмөрөн сум тэргүүллээ. Тус сумын нэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжлах бөгөөд Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг Увс аймгийн Бөхмөрөн сумын ажилтай танилцаж, эцсийн байдлаар шалгаруулах юм.
ВИДЕО:
Н.Лхагва