Ховд аймгийн ИТХ-ын V хуралдааны 7-р асуудалтай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ойлголтын зөрүүтэй мэдээллүүд цацагдах боллоо. Аймгийн ИТХ-ын Ажлын албыг хуралд үйлчлэх үүргээ биелүүлэхгүй байна гэсэн мэдээллүүд ч гарсаар байна. Гэтэл аймгийн ИТХ-ын Ажлын алба асуудалд хүлээцтэйгээр хандаж, ямар нэгэн байр сууриа илэрхийлсэн мэдээллийг олон нийтэд хүргээгүй байгаа юм. Иймээс уг асуудалтай холбоотойгоор аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнтэй ярилцаж, албан ёсны байр суурийг та бүхэнд хүргэж байна.
-Аймгийн ИТХ-ын V хуралдааны 7-р асуудлыг хэлэлцэх явцад МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага авсан. Завсарлага дуусч хуралдаан даргалагч хурлын танхимд орж ирэхэд хурлын ирц бүрдсэн байсан ч Хуралдаан даргалагч, Хурлын Ажлын алба хурлыг орхиж гарсан талаарх мэдээлэл цацагдаж байна. Үүнд албан ёсны тайлбар өгөхгүй юу?
-МАН-ын бүлгээс авсан завсарлага дуусч, хуралдаан даргалагч Т.Жаргалсайхан ажлын албанаас төлөөлөгчдийн ирцийн мэдээллийг авсан. Хуралдаанд нийт 39 төлөөлөгч оролцохоос 19 нь байсан бөгөөд “Аймгийн ИТХ-ын хуралдааны байнгын дэг”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ирц хүрэхгүй байсан тул хуралдааныг нээлттэй завсарлуулсан. Гэвч хуралдаан даргалагчийн шийдвэрийг үл зөвшөөрч хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй төлөөлөгчид цугларч, хуралдаан даргалагчаар Засаг даргын орлогч, төлөөлөгч Ш.Батсүхийг томилсон. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасанд нийцэхгүй байгаа юм. Ш.Батсүх төлөөлөгчийг хуралдаан даргалагчаар сонгох санал гарснаас эхлэн ажлын алба хуулиа биелүүлэхийг зөвлөсөн ч тэдгээр төлөөлөгчид хүлээж аваагүй. Бид хуулийг биелүүлэх, мөрдөх үүрэгтэй төрийн албан хаагчид учир хууль бус хуралдаанд үйлчлэх боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд арга буюу гарч явсан.
-Хурлын ажлын алба хоёр удаагийн хуралдаанд үйлчлээгүй, хэсэг бүлэг болон нэг хүнд тусгайлан үйлчилж, тэдэнтэй эвлэлдэн нэгдэж байгаа талаар Ш.Батсүх нарын төлөөлөгчид ярьж байна. Энэ талаар?
- Хурлын ажлын алба бол гүйцэтгэх засаглалаас хараат бусаар ажилладаг тангараг өргөсөн төрийн албан хаагчид юм. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хуралд үйлчлэх үүрэг хүлээж ажиллаж байгаа. Ш.Батсүх төлөөлөгчийн ирүүлсэн бичигт Ажлын албанаас хэсэг бүлэг болон нэг хүнд тусгайлан үйлчилж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг хязгаарлаж байгаа тухай дурдаж, Ажлын албыг буруутгасан байсан. Ажлын албаны дарга, төрийн албан хаагчийн хувьд миний бие Төрийн албаны тухай хуулийн 13-р зүйлд заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; өргөсөн тангарагтаа үнэнч байх; эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт оногдсон эрхийн хүрээнд ажиллах; харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх... үүрэгтэй юм. Иймд нутгийн өөрөө удирдах байгууллага болох Хурлын хуралдааны явцад хууль зөрчсөн маргаан үүсгэхгүй байхыг эрхэмлэн ажиллаж байна. Ш.Батсүх төлөөлөгчийн ирүүлсэн шаардлагаа дахин хянаж, хуульд нийцээгүй шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлага тавихгүй байхыг хүссэн албан бичгээ хүргүүлсэн байгаа. Өнгөрөгч оны 12-р сарын 22-ны өдөр хуралдсан хуралдааныг Хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд Хурлын ажлын албаны үүргийг гүйцэтгэж Хуралдаан зарлаж хуралдаанд үйлчилж ажилласан нь зохисгүй үйлдэл гэж дүгнэж байгаа.
-Ш.Батсүх нарын шаардлагыг биелүүлж хуралд үйлчлэх хууль эрхзүйн орчин байхгүй гэж ойлгож болох уу?
-Ажлын алба Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар бүлгийн 23.6 дахь заалт, хуралдаанд оролцсон 39 төлөөлөгчийн 100 хувийн саналаар албан ёсоор томилогдсон хуралдаан даргалагч Т.Жаргалсайханы үүрэг болгосны дагуу хуралд үйлчлэх ёстой. Хурлыг тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд багтаагүй, төлөөлөгч Ш.Батсүх даргалах нь хуульд харшилж буй талаар Ажлын албанаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, харин ч Ажлын албыг элдэв үгээр дайрч, доромжилсон үйлдлүүд удаа дараа гаргасан. Ирц бүрдсэн эсэхийг Ажлын алба тоолж, хурлын тэмдэглэлдээ бичиж баталгаажуулдаг. Гэтэл Хурлын ажлын албаны албан ёсны тэмдэглэлийг үгүйсгэж, ЗДТГ-ын албан ёсны вэб сайтаар ирц бүрдсэн байхад хурлыг завсарлуулсан, хурлын ажлын алба үүргээ гүйцэтгээгүй гэх мэт худал мэдээлэл нийтлэн иргэдийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Ховд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг зохистой тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн санаа бодол, оролцоонд тулгуурлан хуулийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсыг сахин биелүүлэн ажиллах нь аймгийн хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалтай салшгүй холбоотой гэж боддог. Хуулинд “нутгийн өөрөө удирдах ёс” гэж тусгайлан зааж өгсөн нь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, хуулийг сахин биелүүлдэг, өндөр хариуцлагатайгаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлдэг үндсэн чиглэлтэй улс төр, ялангуяа Засаг дарга, түүний Тамгын газраас хараат бус ажиллах ёстой юм шүү дээ.
-МАН-ын бүлэг хоёр хуваагдсан, эв нэгдэлгүй байгаа. Тиймээс тус тусын хүсэлт, албан бичгүүдийг ИТХ-ын ажлын албанд ирүүлсэн байсан. Ажлын алба тухай бүрт нь хариуг нь хүргүүлсэн үү?
-Хурлын Ажлын алба V хуралдааны 7-р асуудалтай холбоотойгоор маш их дарамтад өртөх болсныг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх нарын төлөөлөгчдийн товлосноор 12 сарын 16-ны 10 цагаас хуралдааныг хуралдуулах ёстой хэмээн Хурлын ажлын албанаас хуралдаан зарлахыг шаардсан. Эцэст нь 12 сарын 15-ны өдрийн 17 цаг 05 минутад МАН-ын бүлгийн Н.Батцагаан нарын төлөөлөгчдийн “Санал хүргүүлэх тухай” 05 тоот албан бичгийг 12 сарын 15-ны 17 цаг 05 минутад ажлын албанд өгсөн. Миний бие Н.Батцагаан нарын ирүүлсэн 05 тоот албан бичигтэй танилцаад “албан бичиг хэнд хандсан нь тодорхой бус, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Т.Жаргалсайхан хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар томилогдсон нь хүчин төгөлдөр байгаа, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд Хурлын дарга, хуралдаан даргалагчийн шийдвэргүйгээр өөрсдөө санаачлан хуралдаан зарлах, хуралдуулах эрх хуулиар олгогдоогүй, хуралдаан даргалагч албан ёсоор хуралдааныг үргэлжлүүлэх тухай санал гаргасан тохиолдолд Ажлын алба хуулийн дагуу үйлчлэхэд бэлэн байгаа” гэдгийг албан бичгээр уламжилсан.
-Хуралдааныг үргэлжлүүлэн дуусгах талаар хуралдаан даргалагч, намын бүлгүүдтэй зөвлөлцөж үзсэн үү?
-Хурлын ажлын албанаас 12 сарын 20-нд албан бичгээр хурал даргалагч Т.Жаргалсайханд “... хуралдаан даргалагч, таныг байлцуулан хууль, дэгийн дагуу хуралдаан үргэжилбэл хуралдаанд үйлчлэхээ Н.Батцагаан нарын ирүүлсэн саналд албан бичгээр мэдэгдсэн. Бид төлөөлөгчид, намын бүлгүүд харилцан ойлголцож, зохих хууль дэгийн дагуу хуралдаанаа үргэлжлүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. Иймд хууль, дэгийн дагуу харилцан ойлголцолд хүрч хуралдааныг өндөрлүүлэхэд анхаарлаа хандуулж, намын бүлгүүд, төлөөлөгчидтэй харилцан зөвшилцөн шийдэлд хүрэх арга замыг эрэлхийлэн хуралдааныг үргэлжлүүлэн дуусгах арга хэмжээ авахыг зөвлөж байна” гэсэн бичгийг, түүний хувийг нь М.Ганзориг, Н.Батцагаан нарт хүргүүлсэн. Уг зөвлөмжийн хариуд хуралдаан даргалагч 2017 оны 12 сарын 21-ний 11 тоот албан бичигтээ “Хуралдаан үргэлжлэх явцад МАН-ын бүлэг завсарлага авч, завсарлага дуусан хуралдааны танхимд орж ирэн ажлын албанаас ирцийн мэдээлэл авахад 19 төлөөлөгч байна гэсэн бөгөөд “Аймгийн ИТХ-ын хуралдааны байнгын дэг”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу ирц хүрэхгүй байсан тул хуралдааныг нээлттэй завсарлуулсан. 2017 оны 12 сарын 16-ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэхийг надтай аль ч намын бүлэг төлөөлөгчид зөвлөлдөөгүй ба хуралдааныг даргалагчийн хувьд миний бие зарлаагүй болно. Уг хүсэлтийг судлан үзээд “Хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулахыг хүссэн хүсэлтийг өмнөх өдөр авч байгаа тул хугацааны хувьд тулгамдаж байна, өнөөдөр хурал зарлалаа гэхэд ирц хангалттай хүрэх эсэх нь эргэлзээтэй, Ховд аймгийн ИТХ-ын байнгын дэгийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу намын бүлгүүд, Төлөөлөгчдийг ИТХ-ын хуралдаанд бүрэн оролцуулах бусдын эрхийг хүндэтгэх замаар өөрийн байр суурийг тайлбарлан таниулах ёстой. ИТХ дахь МАН-ын бүлэг дотор үүссэн нөхцөл байдал нь дээрх дэгийн шаардлагыг хангахгүй, бүлгийн 24 төлөөлөгч нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй байгаа тул улс төрийн алдаатай шийдвэр гаргуулахгүйн тулд хуралдааныг үргэлжлүүлэн долдугаар асуудлыг хэлэлцүүлэн дуусгах боломжгүй, Байнгын дэгийн 1 дүгээр бүлгийн 1.4-д заасныг үндэслэн хуралдааны асуудлыг чөлөөтэй хэлэлцэх нөхцөл бүрдсэн тохиолдолд хуралдааныг үргэлжлүүлэн хуралдуулах, Аймгийн ИТХ-ын хуралдааны байнгын дэгийн 5 дугаар бүлгийн 5.4-ийн “б”-д зааснаар хуралдааны даргын шаардлагыг биелүүлэх үүргээ хүлээж намын бүлгүүд, төлөөлөгчдийг хурал албан ёсоор зарлаагүй байхад хуралдаан үргэлжлэх мэтээр зарлаж, зөрүүтэй ойлголт өгөхгүй байхыг хүсье” гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас биелүүлэх, хүлээн авах боломжгүй байна гэсэн тайлбарыг ирүүлсэн. Хурлын Ажлын алба талуудад тэгш үйлчилж, албан бичгүүдэд тодорхой хариуг цаг тухай бүрт нь хүргэж байсан.
-12-р сарын 22-нд хуралдсан хурлыг хурлын Ажлын албанаас зарлаагүй гэж ойлголоо. Энэ хурал хүчин төгөлдөр байж чадах уу?
-Хуралдаан даргалагч, намын бүлгүүдийн ирүүлсэн албан бичигт ажлын алба цаг тухай бүрт нь хариу хүргүүлж байсныг дахин хэлье. Хуралдаан даргалагч хуралдааныг үргэжлүүлэх боломжгүй гэсэн хэд хэдэн үндэслэлээ гаргаж, ИТХ-ын ажлын албанд 12 сарын 21-нд ирүүлсний дараа ИТХ дахь МАН-ын бүлгийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 04 тоот Н.Батцагаан нарын гарын үсэг зурсан албан бичгийг надад өгсөн. Уг албан бичигт “... хоёр намын бүлгийн хүсэлтээр 10 хоног завсарлуулсан хуралдааныг нээлттэй үлдээж, 2017 оны 12 сарын 16-ны 10 цагаас хуралдахаар цаг тогтсон билээ. Дээрх товлосон хугацаанд ИТХ-ын Төлөөлөгчид хуралдахаар ирсэн боловч аймгийн ИТХ-ын ажлын алба болон редакцийн комисс ажиллахгүй байна. Иймд ИТХ-ын V хуралдааныг 2017 оны 12 сарын 22-ны 11 цагт хуралдуулж, бэлтгэл ажил хангаж ажиллахыг даалгаж байна” гэсэн байсан. Энэ бичгийн хариуд нь хуралдаан даргалагчаас ирүүлсэн албан бичгийг дахин хуулбарлан ИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлсэн.
Ажлын алба албан ёсоор хуралдаан даргалагчийг хуулийн дагуу хуралдааныг товлож, хуралдаан зохион байгуулах үүрэг өгсөн үед ажиллахад бэлэн гэсэн байр суурин дээрээ байсан. 12 сарын 22-ны хуралд хурлын Ажлын алба байлцсан боловч оролцоогүй. Хуралдаанд 22 төлөөлөгч оролцож, санал хураалт явуулж, хурлын дарга Б.Амгаланбадрахыг томилох тухай санал хураалт явуулсан бичлэгүүд цахим орчинд цацагдсан байна билээ. Уг бичлэгээс үзсэнээ дүгнэхэд Б.Амгаланбадрахыг даргаар томилсон хуралдаан маргаан дагуулахыг үгүйсгэхгүй юм.
- Аймгийн ИТХ-ын ажлын албанаас хэлж буй асуудал тодорхой. Бид Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. Хууль зөрчсөн үйл ажиллагааг дэмжиж, Төрийн албан бланк, тамга тэмдэгээр баталгаажуулахыг ч биднээс шаардаж байна. Өмнө нь ч хэлж байсан Төрийн өмнө тангараг өргөн ажиллаж буй миний бие Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлд зааснаар дээд шатны удирдах ажилтны хууль бус шийдвэрээс татгалзах үүрэгтэй гэж заасны дагуу миний бие үүргээ биелүүлсэн. Нөгөө талаар НӨУБ-ын аливаа асуудлыг цөөнхийг сонсож, олонхийн саналаар шийдвэрлэдэг зарчим нь хэрэгжиж байх ёстой гэж бодож байна. Хуулиа дагаж мөрдөн гэсний хариуд Ажлын албыг Төлөөлөгчдөд үйлчлэхгүй байна гэж ярьж байгаа. Бид 5 дугаар Хуралдаан зарлагдсан өдөр бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг дарга, ЗДТГ, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн. Хуралдаан эхлээд хэлэлцэх асуудлын дараалалд 2 асуудлыг нэмж хэлэлцэхээр батлагдсан юм. Энэ хоёр асуудалтай холбоотой 2 даргын тайлан Төлөөлөгчдөд бүрэн хэлбэрээр хүрсэн байсан. Хуралдаан зохих журмаар явагдаж байсан боловч 7 дугаар асуудлыг хэлэлцэх явцад асуудал үүссэн бөгөөд энэ үед Ажлын алба Тэргүүлэгч бус хүн Хуралдаан удирдах боломжгүй гэдгийг сануулж хэлсэн боловч хүлээж аваагүйн учир Хуралдааныг хууль бусаар үргэлжлүүлэхгүйн тулд аргагүйн эрхэнд орхин гарсан.
- Бид өнөөдрийг хүртэл хуулийн дагуу хийх Хуралдааныг хуралдуулж хуралдааныг өндөрүүлэхийг удаа дараа хуралдаан даргалагч, мөн МАН-ын бүлгийн 24 төлөөлөгчөөс хүсэж, зөвлөж, хүлээж байгаа. Ер нь улс төрийн энэ ойлгомжгүй нөхцөл байдлыг харилцан бие биетэйгээ зөвшилцөж, ярилцаж, тохиролцож хурдхан шийдэх хэрэгтэй. Нэг нэгнээ таньдаггүй, мэддэггүй хүмүүс биш шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Ярилцсан: Н.Батчимэг