Ховд аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид спортоор өрсөлдлөө



Ховд аймгийн "Эко" телевизийн хамт олноос санаачлан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд нөхөрсөг спортын тэмцээнийг зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, уран бүтээлчид, инженер техникийн ажилчдын идэвхи санаачлага, спортын ур чавдарыг нь дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлж, баг хамт олны багаар ажиллах чадварыг нь нэмэгдүүлэх, Ховд аймагт зохион байгууллагддаг спортын тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагаа төлөөлөн оролцох баг тамирчдыг шалгаруулах зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд "Ховд" телевиз, "Эко" телевиз, Олон ястны телевиз, "Жаргалант" телевиз,  "Ховдын мэдээ" сонин, "Ховдын толь" сонин, Khovdnews.mn веб сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, уран бүтээлчид,  "Хаан алтай" кабелийн телевиз, "Ич монгол" хэвлэх үйлдвэрийн  ажилтан албан хаагчид, оролцож Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Олс таталт гэсэн спортын гурван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.



Нийт 5 багийн тамирчдын  ширүүн өрсөлдөөний  дүнд тэргүүн байранд "Ич монгол" хэвлэх үйлдвэрийн захирал Р.Сайханжаргал ахлагчтай баг хамт олон шалгарсан бол, дэд байранд "Ховд" телевизийн захирал П.Самбалхүндэв ахлагчтай баг хамт олон шалгарлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээнийг  ивээн тэтгэсэн Ч.Чинбат даргатай Ховд аймгийн Ардчилсан намын хороонд талархал илэрхийлье.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ