“Орос дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний Хамтлаг дууны төрөлд Прогресс сургуулийн “Звезда” хамтлаг тэргүүлжээ


Монголоос ОХУ (ЗХУ)-д оюутан сургаж эхэлсний 95 жилийн ой болон Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Ховд их сургуулийн оюутан залуучууд, ЕБС-ийн сурагчид, Ховд аймгийн орос хэлтэй иргэдийн дунд Оросын соёлын өдрүүдийг Ховд их сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийн Европ судлалын тэнхимээс зохион байгуулжээ. Оросын соёлын өдрүүдийн хүрээнд олон ажил зохион байгуулсаны нэг нь “Орос дууг хэн сайн дуулах вэ” тэмцээн юм. Тус тэмцээнд орос хэлний ахмад багш, ЕБС-ийн сурагчид, ХИС-ийн оюутнууд оролцсон өргөн цар хүрээтэй болсон байна. Тэмцээний гоцлол дууны төрөлд ЕБ-ын 2-р дунд сургуулийн ахмад багш Р.Дагиймаа орос ардын дуу “Уральская Рябинушка” дуугаар нэгдүгээр байр, 11-р ангийн сурагч К.Еркежан “Прекрасное далеко” дуугаар хоёрдугаар байр, I дунд сургуулийн 6а ангийн сурагч Н.Марал-Эрдэнэ “Катюша” дуугаар гуравдугаар байр эзлэн тус тус шагнагдлаа. Хамтлаг дууны төрөлд Прогресс дунд сургуулийн сурагчдын “Звезда” хамтлаг “Маленькая страна” дуугаар тэргүүлжээ. 


Тэмцээний шүүгчээр Ховд их сургуулийн хөгжмийн багш, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Ваша, Европ судлалын тэнхимийн багш М.Алтансувд, ОХУ-с ажиллаж байгаа зочин багш Андрей Иккерт нар ажилласан байна.
Түүнчлэн ХИС-ийн ГХСС–ийн Европ судлалын тэнхимээс “Оросын соёлын өдрүүд” үйл ажиллагааны хүрээнд Ховд аймгийн ЕБС–ийн орос хэлний багш нар, Ховд аймаг дахь Оросын Шинжлэх Ухаан Соёлын төв, орон нутгийн орос хэлтэй иргэдтэй хамтын ажиллагаагаа сайжруулах, цаашид орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх боломж, арга замуудыг судлаж ярилцах зорилгоор  “Русский вечер” уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан байна. 
Тус үйл ажиллагаанд ГХСС-ийн захирал Т.Одончимэг, Алтайн их сургуулийн Орос хэлийг гадаад хэл болгон заах аргазүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Л.М.Дмитриева, ОШУС-ын төвийн Ховд аймаг дахь салбарын захирал Г.Нямаа болон ЕБС-ийн орос хэлний багш нар, ГХСС-ийн ЕС-ын тэнхимийн нийт багш нар оролцжээ. Энэ үеэр “Орос шүлэг хэн сайн унших вэ” тэмцээний ялагч 12 жилийн II дунд сургуулийн сурагч Б.Барсболд, “Орос дуу хэн сайн дуулах вэ” тэмцээний ялагч Р.Дагиймаа нар мэндчилгээ дэвшүүлэв.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ