Ховд их сургуулийн багш, доктор М.Ганболд“Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид” шинэ номын нээлтээ хийлээ.


ХИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор М.Ганболдын “Алтайн урианхай Занын Жилкэрийн удмын туульчид” хэмээх шинэ номын нээлт аймгийн Нийтийн номын санд болж уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог нарын аймгийн удирдах албан тушаалтнууд, МУБИС-ийн Дэлхийн түүхийн тэнхимийн эрхлэгч На. Сүхбаатар, ХИС-ын эрдэмтэн багш нар, оюутнууд, зочид төлөөлөгчид, Ганданпунцагчойлон хийдийн лам хуврагууд оролцсон юм. Нээлтэд Жилкэр туульчийн удмын залуу туульч н.Мөнхтөр тууль хайлж, ХИС-ийн оюутан, цуурч н.Буян-Өлзий нар цуурдсан юм. 
Аймгийн удирдлагууд ирэх жилүүдэд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө ардын язгуур урлагийг дэмжих, хөгжүүлэх, хамгаалах, өвлүүлэн үлдээх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр тусгаснаа дурдаж байсан юм. Номын нээлтийн үйл ажиллагаа “Хадаг сөхөх ёслол”-оор үргэлжлэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчдөд шинэ номынхоо дээжээс гардуулан өглөө. 
Уг ном нь Алтайн урианхай Жилкэр туульчийн удмын намтар, уран бүтээлийг дэлгэрэнгүй харуулсан бөгөөд баатарлаг туулийн онцлог шинж, тууль хайлах зан үйлийн талаар өгүүлснээрээ нэн сонирхолтой бүтээл болсон  байна.  Монгол тууль НҮБ-ын ЮНЕСКО-гоос нэн даруй хамгаалах хүн төрөлхтний өвийн жагсаалтад бүртгэгдэхэд З.Жилкэрийн удмын туульчдын гавьяа их хэмээн түүхчид онцолдог байна. 
Зохиогч номын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Занын Жилкэрийн удмынхан эдүгээ 12 нүсэр том тууль буюу хоёр, гурван мянган мөр шүлгийг хайлж уламжлан ирсэн байна. Жирийн малчин, анчин-туульчийн цээжинд 10 том тууль “багтаж” явна гэдэг бол гайхамшигтай зүйл. Ийм гайхамшигтай учраас дэлхийн өвд бүртгэгдсэн. Дэлхийн өвд бүртгэгдэхэд Жилкэр туульчийн удмынхны гавьяа их юм. Алтайгаа магтсан туульч дараагийн туулийнхаа баатруудын нэрс, нутаг орон, гарах үйл явдлыг мэдэж байдаг. Товшуураа товшин туулиа эхлэнгүүт шууд холбон зохион шүлэглэдэг. Үүнийгээ “тууль хайлахад Алтайн эзэн надад тусладаг” хэмээн Жилкэр туульч 1860-д оны үед Оросын эрдэмтэн В.Я.Владимирцовд хэлсэн ч социализмын үед манай эрдэмтэд хассан байдаг юм. Түүний удмын туульчид бүгдээрээ сайн анчид, мэргэч төлөгчид, ардын бариа засалчид байсан.  Энэ нэгэн гайхамшигт ургийнхан Алтайн урианхайн баатарлаг туулийг өв удам залган хайлсаар байгаа.  Ийнхүү Жилкэр туульчийн амьдарч явсан мөрөөр 30-аад жил судалгаа, шинжилгээний ажил хийж өнөөдрийн энэ номоо уншигчдын сонорт хүргэж байна. Бүтээлдээ нэг алтайн магтаалыг соронзон хальснаас хэдэнтээ сонсон байж, бичгийн хэлнээ буулгахад их хугацаа зарцуулсан. Олноо танигдсан 10 туульчийн намтрыг багтаасан. Цаашид үргэлжлүүлэн бүтээл туурвих болно” хэмээсэн юм. 
Энэхүү бүтээл нь дэлхий дахинаа данслагдан бүртгэгдсэн монгол туулийн амьд голомт хадгалагдан үлдэхэд үлэмж гайхамшигтай хувь нэмэр оруулсаар байгаа Алтайн урианхайн их туульч Жилкэр, түүний шууд удмын туульч Шийнээн Буян, охин Жилкэрийн Оролмаа, зээ хүү Зохион Эрэнцэн, Баатарын Уртнасан, Баатарын Авирмэд, зээнцэр хүү Уртнасангийн Олдох, Авирмэдийн Доржпалам, Нацагийн Дамдиндорж, Авирмэдийн Балдандорж, жич хүү Доржпаламын Чинтулга нарын туульчдын түүх, намтар туулсын урын сангийн талаар өгүүлсэн нь монгол тууль судлал, эрдэм шинжилгээний нэн чухал ач холбогдолтой юм. 
Мөн үеэр доктор М.Ганболдод Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын тушаалаар “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг олгосныг Ховд аймгийн МСНЭ-ийн салбарын тэргүүн А.Бямбасүрэн гардуулан өгч, цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ. Доктор М.Ганболд энэ үеэр “Хөдөлмөр сонинд анх удаа “Цоорын эгшиг” хэмээх тэмдэглэлээ нийтлүүлсэн нь тухайн оныхоо шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан тэр цаг үе санаанд минь буулаа. Хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж урамшуулж байгаад талархаж байна хэмээсэн юм.








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ