Г.Пүрэвганди: Цаашид яаж ажиллах дүр зураг маань харагдаж байна

                    Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай ярилцсан чөлөөт ярилцлагыг толилуулж байна.
 



- Аймгийн ИТХ-ын даргын ажлыг авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Анх ажил авах үеийнхээ сэтгэгдлийг хуваалцана уу?
- Юуны өмнө Сонины хамт олонд мэнд дэвшүүлье. Аймгийн ИТХ-ын дарга гэдэг бол өндөр хариуцлагатай алба. Би хурлын дарга болоод баярласан гэхээсээ илүү маш их ачаа үүрэх  болж байгаагаа мэдэрсэн. Аймагтаа ажил амьдралаа холбоод 20 гаруй жил болж байгаа хүний хувьд энэ дайны ачааг үүрээд явах боломж байна гэдгээ ч мэдэрч байсан. 
- Харин одоо ?
- Ажил аваад 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд би аймгийн ИТХ гэж ямар чиг үүрэгтэй, яаж ажиллах ётой байгууллага вэ, юунд гол ажлаа чиглүүлэх ёстой юм, Хурал идэвхтэй сайн ажилласнаар аймаг орон нутгийнхаа хөгжилд яаж нөлөөлөх ёстой юм гэдэг тухайд олон талаас нь ажиглаж судалж, олон хүмүүстэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Иргэд маань янз бүрийн санал хүсэлт өгч байна. Хуучин хариуцлагатай ажил хийж байсан, аймаг орон нутгийг удирдаж байсан туршлагатай хүмүүстэй ч уулзаж, санал солилцлоо. Одоо бол нэг дүр зураг харагдаж байна. Энэ дүр зургийг улам тодруулж, учир начрыг нь олж ажиллахын төлөө хичээнэ дээ гэсэн л хүсэл зорилго өвөрлөж байна. 

- Анх ажил аваад ямар асуудлыг эхлэж барьж авав. Яагаад тэр асуудлыг юуны түрүүнд анхаарах ёстой байв?  
- Ер нь би нэг л зүйлийг байнга бодож байсан. Ажил авлаа. Ажилтайгаа танилцаа. Одоо юунд төвлөрөх ёстой вэ гээд бодоод ирэхээр хүний хөгжлийн тухай асуудал л хамгийн чухал зүйл гэдгийг ажигласан. Гэхдээ тулгамдсан олон асуудал байгаа. Тэдгээрийг хүний хөгжилтэй уялдуулж, хүний хөгжлийг гол цөмд нь тавиад ажиллах ёстой юм байна гэсэн ойлголттойгоор цаашдын алхамууд маань харагдсан гэх үү дээ. 
- Хүний хөгжил гэхээр их өргөн хүрээтэй ойлголт болов уу гэж бодож байна. Яг өнөөгийн байдлаар Ховд аймагт тулгамдаж байгаа гэх утгаараа хүний хөгжилтэй холбоотой аль асуудалд нь чухалчилан анхаарах хэрэгтэй байна вэ? 
 - Нэгдүгээрт залуучуудын боловсрол, суурь хүмүүжил их чухал зүйл шиг санагдсан, өсвөр үе, залуус маань орж ирээд хүнтэй мэндлэхээсээ эхлээд монгол уламжлал, ардын ухаанаас хөндийрч байгаа тал байна уу даа гэж харагдах зүйл бишгүй байна. Монгол уламжлалаасаа суралцах явдал залуусын минь хувьд нэн чухал зүйлсийн нэг болжээ.   Үүнд иргэдийн маань ч буруу биш байх. Төрийн зүгээсээ энэ асуудлыг бодлогын хүрээнд авч үзэж, бодлого болгож хэрэгжүүлэх талаасаа хойрго байгаа нь ийм байдалд хүргэж байж болох. Хойч үеийн хөгжил, төлөвшилд анхаарч, зөв төлөвшилтэй болгох, сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн орчин нөхцөл, дунд сургуулийн сурагчдын сурах орчин, тэнд ажиллаж байгаа багш нарын арга барил, аливаад хандах хандлагыг аль болох зөв чиг, зүгт хөтлөх боломжийг бий болгох ёстой гээд анхаарах зүйлүүд бишгүй байх шиг байна. 
- Энэ тал дээр нийгмийн сэтгэлгээтэй холбоотой зүйлүүд бишгүй бий байх. Тэгэхээр хүмүүсийн сэтгэлгээтэй ажиллана гэдэг яггүй нарийн зүйл байж мэднэ. Таны хэлсэнчилэн “зөв чигт хөтлөх”-өд ямар арга зам чухал гэж санагдаж байна?   
 - Олон хүчин зүйл байгаа. Боловсролын тогтолцоо, эцэг эхчүүдийн сэтгэлгээ хандлага гээд. Саяхан бид ахмадаа дээдлэе. Ахмадуудаас суралцая гэсэн аян өрнүүлээд өргөн хэмжээний уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр дээр үгүүлсэн залуу үе маань уламжлал, ахмад үеийнхнийхээ үнэт зүйлсийг мартагнах, үл ойшоох явдал сүрхий газар авсан тухай их яригдаж, хөндөгдөж байсан. Хашир туршлагатай, амьдралын их түүхтэй ахмад үеэсээ суралцуулах, тэдний зөвлөгөөг тусгаж авахад чиглэгдсэн ажлуудыг хэвлэл мэдээлэл болон олон нийттэйгээ хамтраад хэрэгжүүлэх бодлогыг ч барьж ажиллана гэж бодож байна. 
 - Өнөөрийн байдлаар авч үзэхэд хамгийн чухлаар тавигдаж байгаа ямар асуудал байна?
- Өвөлжилттэй холбоотой асуудал хамгийн эхний ээлжинд тулгамдаж байна. Алтай, Үенч Булган суманд өвөлжилт хүндэрлээ. Тэнд олон хоног үргэлжлэн орсон цасны зузаан 40-өөс дээд тал нь 80 см хүрч, битүү цасан бүрхүүл тогтсон, зам даваа хаагдсан байгаа тул бид аймгийн Онцгой байдлын комиссыг яаралтай хуралдуулж, шаардлагатай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Юуны түрүүнд зам хаасан хэсгийн цасыг зайлуулж, машин тэрэг зорчих боломжтой болгох үүрэгтэйгээр хүн хүч техникийг илгээж байна. Энд 90 гаруй мянган толгой мал бэлчээрт гарах боломжгүй байгаа нь ихээхэн хүндрэл үүсгээд байна. 
- Аймаг маань хадлан тэжээлийн нөөцөө хэр базаасан бэ?
- 80 гаруй мянган тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас 95 хувийг нь бэлтгэсэн. Одоогоор Алтайн өврийн гурван сумаас бусад сумууд байдал хэвийн өвөлжилт тогтуун байна. Гэлээ ч гэсэн бид сэрэмжтэй бэлтгэлтэй байх нь чухал гэж үзээд сумуудын удирдлагад тодорхой чиглэл зөвлөмж өгч ажиллаж байна. Мичин жил сүүл дээрээ хатуу байдаг гэх өвгөдийн үг байдаг болохоор сэрэмжтэй байхаас ч болохгүй гэж үзэж байгаа. 
 - Төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл хэр зэрэг хангагдав?  
  - Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж хүлээж авах ажлын хэсэг хоёр чиглэлээр ажиллаад ерөнхийд нь хүлээж аваад дууссан. Төв суурийн газруудын бэлтгэл боломжийн төвшинд хангагдсан гэсэн дүнтэй байгаа. Хамгийн санаа зовоож байгаа нь дулаан хангамж. Өмнөх жилүүдийг бодвол орон сууцанд байдаг айлууд харьцангуй дулаан өвөлждөг болсон. аймгийн төвийн хоёр дулааны станц одоо хэвийн ажиллаж байна. нүүрсний нөөцийн хувьд одоо хоёр сарын нөөцтэй байна. 36 айлын орон сууцны дулааны шугамд шийдвэрлэгдээгүй асуудал байсныг орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө гаргаж, насос тавих замаар шийдвэрлсэн байгаа. 
- Нүүрсний нөөц тасалдахгүй байгаа боломжтой юу?
  - Ер нь тасалдахгүй байх боломжтой гэж дулааны хоер станцын захирлууд мэдээлэл өгч байгаа.
- Монгол улсын хэмжээнд сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль болж өнгөрснөөс хойш сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Тэхээр сумуудын шинэ удирдлагууд томилогдож ажлаа авах гэхчлэн бүтэц, зохион байгуулалтын шинжтэй ажлууд дээрээ багагүй цаг зарцуулж байгаа байх. Сумуудын хурлын дарга нар, түүнчлэн Засаг дарга нар сонгогдож дуусаа болов уу? 
 - Манай аймгийн хувьд нэг, хоёр сумыг эс тооцвол сонгуулийн зөрчил маргаан гэх зүйл гарсангүй, амжилттай явагдаж өндөрлөсөн. Аймгийн хэмжээнд 14 суманд Монгол ардын нам олонхийн суудлыг авсан бол 3 суманд Ардчилсан нам олонхи болсон. Ихэнх сумууд сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын дарга, тэргүүлэгчдээ мөн Засаг дарга нараа сонгож, одоогийн байдлаар 10 гаруй сумдын Засаг даргыг батламжлаад байна. Байгууллага, агентлагийн дарга удирдлагуудын хувьд ихэнх нь томилогдсон. Одоогийн байдлаар удирдлагын хомсдолд орсон гэж хэлэхээр төрийн байгууллага байхгүй байна. 

                                                    Хамгийн их санаа зовоож буй зүйл ажилгүйдэл

- Өнөөдрийн байдлаар тулгамдаж байгаа гэх юм уу, сэтгэл санаа зовоож байгаа, шийдэхэд төвөгтэй байгаа ямар нэг асуудал байна уу?
  - Яг өнөөдөр гэхэд баруун гурван сумын байгаль цаг агаарын хүндрэлтэй холбоотой түлш, шатахуун гэх мэт зардалыг хаанаас яаж гаргах вэ гээд асуудлууд байна, байна. Цаашилбал дулаан хангамжийн байдал, золбин нохойн асуудал гэх мэтүүд ч байна. Бид саяхан золбин нохойг цөөрүүлэх талаар ярилцаад, “Хөшөөт хөгжил” сангаас тодорхой хөрөнгө гаргаж арга хэмжээ авахаар болсон. Түүнээс гадна хүмүүсийн ажлын байрны тухай асуудал байна. Энэ яах аргагүй санаа зовоосон зүйл. Ажил авснаас хойш над дээр 700-800 өргөдөл, хүсэлт орж ирсэний 80 гаруй хувь нь ажилд оруулж өгөөч гэсэн хүсэлт байна. Гэтэл тэр хүсэлтүүдийг шийдээд өгчих юмсан гэхээр өнөөдөр бүтэц орон тоотой холбоотой, байгууллага газруудын санхүүгийн байдал, цалингийн сантай холбоотойгоор ажлын байр нь гарч өгдөггүй гашуун бэрхшээл байна. Тэр тусмаа залуучуудын дийлэнх олонх нь багш, эдийн засагч, хуульч мэргэжилтэй хүмүүс байна. Үүнтэй уялдаад Ховд их сургуулийн мэргэжилтэн бэлтгэж байгаа мэргэжиллийнх нь төрлүүдэд орон нутагт хэрэгцээтэй байгаа, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлийг түлхүү болгох шаардлага байна гэж бодож байна. Ховд их сургуулийн захиралтай ч энэ асуудлаар санал солилцож үзсэн. 
- Ажилд оруулж өгөөч гэж өргөдөл өгсөн залуусын хэдэн хувь нь их дээд сургууль төгсөгчид байх юм?
- Ер нь бол 90 гаруй хувь нь их дээд сургууль төгсөгчид байна. 
- Орон нутгийн төсөв, тэрчлэн аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, Засаг даргын хөтөлбөр гэх мэтийг боловсруулах ажлууд миний ажигласнаар төгсгөлийн шатандаа явагдаж байгаа болов уу гэхээр харагдаж байна. Та төсвийн урьдчилсан төсөлтөй танилцсан байх гэж бодож байна. 2017 оны төсвийн хүрэлцээ хангамж ямар шиг байдалтай байх бол, урьд жилүүдтэй харьцуулахад зарлага нь мэдээж багасах байх, харин орлого бүрдүүлэлт нь яаж төлөвлөгдсөн гэх мэт...?
    - Төсвийн хууль батлагдаад долоо хонож байна. Санхүү төрийн санхгийнхны өгч байгаа мэдээллээр бол аймгийн төсөв төлөвлөж явуулснаас нэлээд хэмжээгээр буурсан сурагтай байгаа. Гэхдээ үйл ажиллагаа явуулах хэмжээний төсөв батлагдах нь магад. Төрийн албаныхны  цалин мөнгөний хувьд төсөвтэй холбоотой ямар нэг эрсдэл байхгүй, урьд нь ямар байсан тэр хэмжээний цалингаа хугацаанд нь аваад явахаар байгаа. 
 - Төсвийг төлөвлөхөд иргэд олон нийтийн саналыг авч, олон талын оролцоотой хийх юм бол төдий чинээгээр бүх талуудын эрх ашигт нийцэх боломжтой гэх үзэл баримтлал сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа. Өнөө жил аймгийн төсвийн  төлөвлөлт хийхэд иргэд олон түмний оролцоо ямар байсан бол гэдгийг сонирхмоор байна? 
- Төсөв төлөвлөх, төсвийн төсөөлөл боловсруулах ажил хуулинд тусгагдсан хугацаа, графикийн дагуу хийгдсэн. Сум, байгууллагуудаас санал авсан гэж үзэж байгаа.  
- Яриа маань албан ажлын тал руугаа хэт хэлбийгээд байна уу даа. Энэ ярилцлага маань чөлөөт хэлбэрээр явахаар төлөвлөгдсөн болохоор одоо би таны туулж ирсэн ажил амьдралын түүхийг сонирхоё? . 
- Би Ховд аймгийнхаа Манхан суманд төрж өссөн, жирийн малчин айлын хүүхэд. Аав ээж маань угаасаа малчин удамтай. Би малчны хотноос сумынхаа бага дунд сургууль улмаар дээд сургуульд суралцаж төгсөөд, Улаанбаатар хотод Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн менежер гэдэг ажлаасажил амьдралынхаа гарааг эхлэж байсан. Улмаар 2003 онд 24 настайдаа төрөлх аймагтаа ажиллаж амьдарья гээд гэр бүлээ дагуулаад ирж байлаа.  Тэр цагаас хойш Ховд аймагтаа ажил амьдралаа холбосон 20-иод жилийн хугацаанд Үйлдвэрчний эвлэл, Иргэний нисэх, төрийн захиргаа, нам улс төрийн байгууллагуудад ажиллаж ирсэн. Энэ маань Ховд аймгийнхаа ажил амьдралыг гадарлах хэмжээнд намайг хүргэсэн гэж боддог. 2008 онд Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч болж байсан, түүнээс хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллаж байна. 2009 оноос аймгийн ЗДТГ-т ажилласан маань бас нэлээд туршлага болсон. 
- Ингэхэд ямар мэргэжилтэй билээ?
- Нийгэм судлаач, багш мэргэжилтэй. Мөн Ховд их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Олон сайхан эрдэмтдээс номын дуу сонссон. Гүнжийн Сүхбаатар багшаад эхлүүлээд..
 - Намын  байгууллагад хэзээнээс орж ажиллав? 
 - 2005 оноос Ардчилсан социалист залуучуудын холбоо, одоогийн Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны салбарын идэвхтэй гишүүн, тэргүүлэгч болж ажиллаж эхэлсэн. Намын идэвхтэй үйл ажиллагаанд арван жил оролцсон. Тухайлбал намын залуучуудын холбоонд арваад жил идэвхтэй явсны дараа аймгийн намын хорооны улс төрийн ажилтан, орон тооны бус болон орон тооны дэд даргаар дөрвөн жил ажилалаа. Энэ хугацаанд нам улс төрийн ажлыг нэлээд гадарладаг болсон. намын ажил хийхэл олон хүнтнй харьцаж, юм юмыг гадарлах боломж олддог. 
- Урьд нь зарим зүйл дээр таны байр суурийг ажиглаж байсан. Гэхдээ аймгийн нийгмийн амьдрал, эдийн засаг, улс төрийн байдлын талаар бүхэлдээ ямар санаа бодолтой байсныг тань хэлж мэдэхгүй л дээ. Тэхээр өнгөрсөн дөрвөн жилийг та ерөнхийд тоймлож дүгнэвэл яаж дүгнэхээр байна?
- Бидэнд өмнөхөө үгүйсгэх эрх байхгүй. Өнгөрсөн 4 жилд Ховд аймгийн хөгжилд урагшилсан зүйлүүд бий. Олон шинэ зүйлүүд нэмэгдсэн, хотын өнгө төрх тодорхой түвшинд өөр болсон, зам харгуй боломжийн хэмжээнд тавигдсан гэх мэтээр... 
Гэхдээ анхаарч харах зүйл юу гэвэл энэ хугацаанд аймгийн санхүүгийн байдал өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад их боломжтой болсон байсан. 2013 оноос төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн 20 гаруй тэрбум төгрөгийг төсөв захирагчид мэдэж зарцуулсан байх жишээтэй.  Гэхдээ түүнийг яг хэрэгтэй зүйлүүдэд зарцуулсан уу, зарцуулсан хөрөнгийн үр ашиг нь ямар байв, чанар нь ямар байв гэдгээс аваад учир дутагдалтай зүйлүүд их байгаа. Тухайлахад л тийм их хөрөнгө зарцуулж байх явцдаа байнгын тулгамдсан асуудал болж байдаг цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх боломж байсан ч асуудалд бараг өөрчлөлт ороогүй юм байна лээ. Гэх мэтчилэнгээр алдаа оноо их бий.  
- Байсан боломжийг сайтар ашиглаж чадалгүй өнгөрчихжээ гэж байна. Тэгвэл одоо тэр алдааг нь нөхөөд хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдээд явахад бэрхшээл саад хэр байна? 
- Өнөөдөр эдийн засаг санхүүгийн байдал 2013, 2014 оныхоос эрс доройтсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэхдээ бид байгаа бүхий л боломжийг зохистой ашиглахыг хичээж байна. Жишээлэхэд өөр зориулалтаар ашиглагдаж байсан нэг байрыг засаж сэлбээд 14 дүгээр цэцэрлэг гэж шинэ цэцэрлэг ашиглалтанд оруулж, нээсэн маань одоо 150 гаруй хүүхдийг хамруулан асарч, хүмүүжүүлж байна. Тэнд 20 гаруй ажлын байр шинээр бий боллоо. Нэгдүгээр цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэж барилгын ажлыг эхлүүллээ. 15 дугаар цэцрлэг маань бас удахгүй шинээр нээгдэх гэж байна. 
- Дээр таны өөрийн ажил амьдралын түүхээс цухас сонирхсон. Тэгвэл одоо нутаг ус, удам судар, аав ээж, гэр бүлийнхээ талаар ярихгүй юу? 
 - Би Жаргалант хайрханы хаяанд, Хар ус нуурынхаа хөвөөнд өсөж өндийсөн нэгэн. Өвөө маань Баатарын Балжаа гэж Манхан сумын Баясгалант амьдрал, Манай зам нэгдлүүдийг үүсгэн байгуулалцаж, удирдаж явсан төрийн хар хүн байсан. Аавын талынхан маань эрчүүд нь бараг бүгд барилдчихдаг хүмүүс байж. Миний авга ах Хар нүдэнгийн Баасанжав гэж аймгийн заан цолтой бөх байлаа. Мөн сумандаа дөрөв түрүүлсэн Балжаагийн Сэрвэд гэж авга маань байна. Бас аав маань ч шаггүй барилддаг сумын цолтой бөх хүн байсан. Ах дүү нар маань бүгд л барилдаж ноцолддог сумын цолтонгууд. 
- Өөрөө ч бас барилдаж байсан биз?
 - Би өөрөө 1995 оны улсын аварга шалгаруулах барилдааны шагналт байранд орж байлаа. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаас болоод барилдаанаа орхисон. Тэглээ гээд бөхийн спортыг мартсангүй, бөх тайлбарлагч болж, аймгийнхаа наадмын бөхийг нэлээд хэдэн жил тайлбарлалаа. Ээж маань бас л Манханых, Осорын Бадамжав гэж сайхан буурал байна. Бид аав, ээжээс арванхоёулаа. Ээж маань насаараа саалчин хийж, сумын есөн удаагийн аварга болсон хүн. Нэг дүү маань аав ээжийн голомтийг сахиад нутаг усандаа малаа маллаж амьдарч байна. Бусад нь нийгмийн олон янзын салбаруудад тус тусын эзэмшсэн мэргэжлээрээ ажиллацгааж байна. Ээжийн талд бас сайхан удамтай бөх хүмүүс байдаг. Ховд аймагт арав түрүүлсэн нэрт арслан Бат-очирын Ичинхорлоо гэдэг хүн бол манай ээжийн нагац болох хүн юм. Нагац ээжтэй маань эгч дүүсийн хүүхдүүд. Авга нагац нар маань алиа хошин зантай, дуу хууранд дуртай, дуулж хуурдахдаа нутаг усандаа нэртэй хүмүүс байсан. Одоо ч үр хойчис нь тэр чанарыг нь залгацгаажээ. Бид энэ мэт удам судрынхаа сайн сайхан зүйлсээр бахархаж явдаг. Эхнэр маань надтай хамт Манхан сумын 10 жилийн сургууль төгссөн. Манай нутгийн охин. Санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөж, банк санхүүгийн мэргэжил эзэмшсэнээс хойш банкны мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Том охин маань Солонгосын Сөүл хотын их сургуульд харин хүү маань дунд сургуулийн 6 дугаар анги, хөл бөмбөгийн спортоор л сонирхож, хөөцөлдөөд байгаа. 




         
           Цаашид боловсон хүчнийг чадваржуулах, иргэдийн оролцоог дэмжих зайлшгүй шаардлага бий

  - Төрд ард түмнийг төлөөлөх, иргэдийн хурлын төлөөлөгч, дарга байх гэдэг нь жирийн иргэн байхаас тодруулбал өөрсдийгөө төлөөлүүлж байгаа иргэдийн нэг нь байхаас ямар ялгаатай вэ?   
- Ер нь хурлын төлөөлөгч, дарга ялгаагүй их өндөр үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж ойлгодог.  Ард түмэнд ямар бэрхшээл тулгарч байна, тэд юуг хүсэн хүлээж байна, түүнийг нь шийдэхийн тулд ямар аргаар ажиллаж, хэнтэй харьцаж, яаж хөөцөлдөж бүтээх ёстой гэдгийг сайтар мэдэж, төр, ард түмнйи  хооронд байнгын гүүр байх ёстой гэж боддог. Харин жирийн иргэн байхад тэр болгон төрийн үйл ажиллагаанд оролцоод үгээ хэлээд, асуудлыг зохицуулаад явах боломж нь хомс гэдэг талаасаа л ялгаатай байх. Иргэнийхээ санаж хүсэж байгааг төрийн бодлого,үйл ажиллагаанд хэрхэн тусгуулж чадаж байна гэдгийг нь харж, иргэд төлөөлөгчдийг дүгнэж байдаг. Тиймээс бид бол иргэдийн өмнө их хариуцлага үүрэх ёстой хүмүүс. 
- Иргэдийн зүгээс хүсэн хүлээж байгаа зүйлс асар их бий. Тэр бүхнийг хариуцлагатайгаар биелүүлнэ гэхэд та нарын эрх хэмжээ, ажиллах нөхцөл, за тэгээд эдийн засгийн болон бусад боломж бололцоо нь хүрэлцээтэй байж чадаж байна уу?
- Яг өнөөгийн хуулиар бол нөхцөл их хомс. Төлөөлөгчидөд тогтмол цалин гэж байхгүй, ард түмний хүсэн хүлээж байгааг шийдэхэд эдийн засгийн эрх чөлөө ч тийм хангалттай бус. Гэхдээ иргэдийн төлөө нйитийн эрх ашигт нийцсэн шудрага зөв шийдэл, шийдвэр гаргах нь л их чухал. 
- Тухайлахад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч ямар хэмжээний урамшуулал авдаг вэ? 

 - Сумын ИТХ-ын төлөөлөгчид яадгийг мэдэхгүй байна. Харин аймгийнх жилд 2.0 сая төгрөгийн урамшуулал авдаг. Цаашдаа боломж нь байвал нэмэгдүүлэх ёстой гэж бодож явдаг.
   - Нутгийн удирдлага, захиргааны байгууллагын бодлого үйл ажиллагаанд иргэд шууд оролцох ёстой. Тэр боломжийг нь удирдах байгууллагууд хангаж өгөх ёстой, зохион байгуулж, зохицуулж ажиллах ёстой гэдэг асуудал хэзээнээс л яригдсаар ирсэн. Гэвч бодит байдал дээрээ тун тааруухан байдаг. Ховд аймгийн хувьд энэ тал дээр яаж ажиллая гэж бодож байна, Ер нь энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
 - Энэ асуудал бол хамгийн чухал. Манайд иргэний нйигмийн нэлээд олон байгууллага ажиллаж байна. Өмнө нь иргэдийг шууд оролцуулах ажил тийм ч сайн биш явж ирсэн нь үнэн. Тиймээс иргэний танхимыг иргэдэд байнга нээлттэй байдлаар, тогтмол сайн ажиллуулах бололцоог хангана гэж бодож байгаа. Иргэдийн санал бодол, дуу хоолойг сонсоход чиглэгдсэн янз бүрийн төрийн нэгж, сувгууд ч ажилладаг. Тухайлбал 11-11 төв, өргөдөл, хүсэлтийн хороо гэх мэт тэдгээрийн ажлыг улам эрчимжүүлэх  шаардлага байгаа гэж үздэг. 
 - Өөрсдийн хууль ёсны эрхийнхээ талаар, оролцооны талаар иргэдийн ойлголт, мэдлэг,  мэдээлэл ямар байдгийг та олон жил төлөөлөгч байсан хүний хувьд багагүй мэдэж байгаа байх. Ямар түвшинд байна? 
- Иргэд өөрсдийн хууль ёсны эрхийнхээ тухай нэг үеэ бодоход харьцангуй ойлголт сайтай болж байгаа байх. Гэхдээ иргэдийн амьдралын нөхцөл болон бусад шлатгаанаас үүдээд харилцан адилгүй. Жишээлэхэд 11-11 төв рүү байнга ханддаг иргэн байна, удирдлагуудтай, төлөөлөгчидтэй уулзаад, санаа оноогоо хэлээд байдаг нь ч байна, санаа оноо, хэлэх зүйл байвч хэнд хандах яахаа мэдэхгүй нь тэднээс олон байгаа нь үнэн. Хөдөөний малчид бол ийм боломж нь үнэхээр хаагдмал байгаа гэдэгтээ санал нийлнэ. Тиймээс бид иргэдийнхээ санал бодлыг олон талаас нь авая, тухайлахад цахимаар байнга саналыг нь авч байх бүтэц ажиллуулая гээд ИТХ-ын ажлын албаны хоёр ажилтныг энэ чиглэлийн сургалтанд хамруулаад явж байгаа. 
- Хурлын ажлын албаны бүтэц, боловсон хүчний чанар чансааны талаар сонирхое гэж бодож байна. Таны ажлын албаны баг юугаараа эерэг давуу талтай баг бүрдэв. Бас анхаарах зүйл юу байна?
- Ажлын алба маань боломжийн баг бүрдсэн гэж бодож байна. Өнгөрсөн долоо хоногт ажлын албаны бүтцийг батлуулсан. Ажлын алба маань нутгийн удирдлага, иргэд, олон нийттэй харилцах гэсэн хоёр хэлтэстэй ажиллахаар болсон. Ажлын алба маань төрийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай хүмүүс бас, хууль эрх зүй, мэдээллийн чиглэлийн ажилтанууд гээд янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсээс бүрдэж байгаа. Цаашид чадавхижуулах шаардлага байгаа нь мэдээж. Аймаг орон нутгийн амьдралын талаар сайн судалж мэдсэн, мэдээлэл сайтай, дадлага туршлагатай болгоход тодорхой цаг, хугацаа шаардагдах явдал байгааг үгүйсгэхгүй. Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломж хангах үүднээс ажлын албандаа хоёр намын бүлэг хариуцсан мэргэжилтэнтэй болж байгаа. Энэ ажилтан нь давхар ажил үүрэгтэй бөгөөд төлөөлөгчидтэй байнгын холбоотой ажиллаж, тэднийг мэдээллээр хангах үүрэгтэй юм. 
- Аймгийн Засаг дарга болон засаг даргын ажлын багтай хамтран ажиллахад хэр тохиромжтой баг бүрдсэн байна. Эерэг болоод сөрөг хүчин зүйлс ажиглагдаж байна уу? Боловсон хүчний чадвар, чансааны хувьд ямар бодолтой байна? 
- Аймаг, нийслэл болон сум, дүүргийн сонгуулийн аль алинаар нь Ховд аймгийн маань ард түмэн манай Монгол ардын намд итгэл хүлээлгэж сонгосны үндсэн дээр нам багаа бүрдүүлж ажиллаж байгаа. Засаг дарга түүний тамгын газар, Иргэдийн хурал бүхэлдээ нэг баг гэж ойлгож байгаа. Ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжил дадлага туршлагын хувьд учир дутагдалтай байдал байгаа. Олон жил төрийн албанд ажилласан туршлагатай албан хаагчид олон байгаа. Дээрээс нь шинэ тутам төрийн албанд орж дадлагажиж байгаа хүмүүс ч нэлээд байгаа. Тиймээс шинэ хүмүүс нь туршлагатай мэргэшсэн хүмүүсээсээ суралцах, шинэ хүмүүсийг чаваржуулахад анхаарах асуудлууд мэдээж байна. 
- Миний ажигласнаар мэргэшил, туршлагаар дутмаг хүмүүс нь гол төлөв удирдах албан тушаал дээр тавигдсан харагдсан?
- Тийм тал байгаа байх. Гэхдээ бид нэг баг гэдэг утгаараа харилцан суралцаж чадавхижаад явна гэж бодож байгаа. Засаг даргын маань хувьд урьд нь аймаг удирдаж байсан арвин туршлагатай хүн болохоор хамтарч ажиллахад илүү дөхөмтэй байгаа. Ойлголтын зөрүү гарах, үл ойлголцох зүйл байхгүй байгаа. 
- Нутгийн удирдлага, захиргааны байгууллагууд маань төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцан ойлголцож, хамтарч ажиллах, зарим чиг үүргийг тэдгээр байгууллагуудаар гүйцэтгүүлэх ерөнхий эрх зүй нь хуульчилагдсан ч бодит байдал дээр хэрэгжихгүй яваад байдаг. Энэ талаар цаашид ямар байр суурь баримтлаж, яаж ажиллана гэж бодож байгаа вэ? 
 - Энэ бол маш чухал ажил. Гэсэн ч зөвхөн манай аймаг гэлтгүй бусад аймгуудад, улсын хэмжээнд учир дутагдалтай байгаа. Эрх зүйн боломж нь бол бүрдсэн гэж бодож байна. Засгийн газар энэ тал дээр бас ч гэж анхаарч байгаа. Жишээлэхэд хүмүүнлэгийн чиглэлийн ажлуудыг улаан загалмайн байгууллагаар гүйцэтгүүлэх тогтоол гарсан. Энэ мэтээр төр зарим шаардлагатай ажлуудыг мэргэшсэн төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх явдал чухал. Энэ тал дээр цаашид анхаарч, хэрэгжүүлэхийг хичээж ажиллана. 
- Нийгмийн сэтгэл зүйд нэлээн ужгирсан, миний ажиглаж байгаагаар гажууд гэхээр нэг зүйл гэвэл аль нэг намын гишүүн байж, намыг идэвхтэй дэмжигч байх болон нам бус жирийн иргэн байх хоёрын хооронд ихээхэн ялгаа зааг үүсээд байх шиг. Энэ тал дээр та хувь хүнийхээ хувьд ямар бодолтой явдаг вэ?  
 - Энэ бол үнэхээр чухал асуудал мөн. Өнөөдөр нийгэмд нам дагасан хүн л ажил албатай болдог, намаар л явж байж тодорхой байр сууринд хүрдэг болсон гэдэг ойлголт байдаг юм шиг байгаа юм. Гэхдээ тодорхой түвшинд ийм зүйл байна уу гэвэл байна. Энэ маань үнэхээр аймаг орон нутгийн төдийгүй улс орны амьдрал, хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байгаа тал ч байна гэж боддог. Зарим хүмүүс нам гишүүнчлэлгүй байя. Улс төрийн институцийн түвшинд ажиллаж онол, үзэл баримтлалаа дэвшүүлдэг түүнд нь ард түмэн анализ хийж, хэрэгжүүлэх эрхийг нь олгодог байя гэсэн санаа оноо явдаг. Нам гишүүнчлэлтэй байснаас ард түмний дунд хуваагдал бий болоод байна гэдэг нь бас бодож үзэх л зүйл гэж боддог. Улс төрчид маань үүн дээр их нухацтай хандаж хүлээж авах нь зөв болов уу гэж боддог.  
- Дээр та хүний хөгжил, хүний хүчин зүйлд онцгой анхаарах шаардлагатай болжээ гэж байсан. Хүмүүсийн сэтгэлгээний чанар гэх юм уу, тухайлахад ёс жудаг, хүн чанарын асуудал санаа зовоох түвшинд хүрч байна гэсэн яриа хөөрөө хаа сайгүй сонсогдох юм.
- Санаа зовоох түвшинд хүрсэн гэдэгтэй би санал нийлдэг. Тийм учраас би үүн дээр манай өвөг дээдэс ахмад үеийнхээ нэг их ярих дуртай. 1940 оны улсын наадамд Дорнотын гулзгай Дамчаа гэдэг арслан манай Шаравын Ванчинхүү арслан хоёр үзүүр түрүүнд шалгарч үлдэж л дээ. Тэгээд хоёулаа барилдаад хүч бяр нь аргагүй тэнцүү байсан болохоор хайн шахуу унасан боловч босож ирээд нэг нь нэгнийгээ та давчихлаа шүү дээ та тугаа тойрооч гэхэд нөгөө нь үгүй ээ та давчихлаа харин та тугаа тойр гэж бие биендээ найр тавьж байсан гэдэг. Тэгээд хөлийн цэцүүд дахиж барилдуулж Ванчинхүү арслан давж байсан. Гэтэл өнөөдөр манай бөхчүүд, улс төрчдийг ажиглаж байхад ийм чанарын яг эсрэг чанар л ажиглагдаад байдаг юм.  


                                                                                                                           Ярилцсан Г.Төрмөнх        
     
      

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ