Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн спортын олон төрөлт тэмцээнээр өрсөлдөж байна. Сар гаруйн хугацаанд үргэлжлэх энэхүү тэмцээнийг ангийн бие бүрэлдэхүүн, нийт алба хаагчдыг дасгал хөдөлгөөнөөр эрүүлжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор ангийн захирагчийн нэрэмжит болгон энэ жилээс анх удаа зохион байгуулж байгаа нь онцлогтой.
Тэмцээнд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хэлтэс, албаараа баг болон оролцож байна. Тодруулбал, эрэгтэй 16, эмэгтэй 6 багийн тамирчид волейбол, сагсан бөмбөг, дартс, ширээний теннис, олс таталт гэсэн төрлөөр ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Шилдэг баг, тамирчдыг шилжин явах цом, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах эрхийн бичгээр шагнахаар төлөвлөжээ.
Тус ангийн бие бүрэлдэхүүний хувьд спортын уралдаан тэмцээнд жил бүр амжилттай оролцож ирсэн.
Тухайлбал, Марш тактикийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан, Зэвсэгт хүчний анги салбарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг уралдаан тэмцээнээс удаа дараа медаль хүртэж иржээ. Өнгөрсөн онд л гэхэд тус ангиас таван хүн спортын мастер цол хүртсэн байна.