Энэ онд Казахстан улсын Ала-мата болон ОХУ-ын Горны-Алтайд зохион байгуулсан бүжгийн
“Олон улсын уралдаан”-д Улсын тэргүүний Зэрэг сумын дунд сургуулийн сурагчид амжилттай оролцсон.
Тодруулбал, хос Гран-при шагнал хүртсэн бахдам амжилтыг гаргаад байгаа юм.
Аймаг, сум орон нутаг, албан байгууллага, хүүхэд багачуудын аав ээжийн дэмжлэг туслалцаатайгаар дээрх уралдаанд оролцож амжилт гаргасан авьяаслаг сурагчид буюу “СОДОН ХЭМНЭЛ” хамтлагийнхан төрөлх сумандаа “ТАЙЛАН ТОГЛОЛТ”-оо зохион байгууллаа.
Хамтлагийг үүсгэн байгуулагч, тус сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн багш Г.Отгончимэгийн санаачилгаар зохион байгуулсан тоглолтын үеэр хүүхэд багачууд юу сурснаа, багш нар нь хүүхдийг хэрхэн хөгжүүлснээ харууллаа. Мөн дэмжиж хамтран ажилласан байгууллага, хамт олонд хүндэтгэл үзүүлэв.
Багш, хүүхэд, эцэг эхчүүд гээд гурвалсан холбоотой ажиллавал ямар амжилтад хүрч болдгийг тод жишээ харуулсан гэдгийг сум орон нутгийн удирдлагууд, зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн бэлтгэсэн багш Г.Отгончимэг, авьяаслаг сурагчдад баяр хүргэж шагнаж урамшууллаа.
Тайлан тоглолтыг Баян-өлгий аймгийн ХГБХХГ-ын дэргэдэх “КУРАЛАЙ” хамтлагийг үүсгэн байгуулагч Ю.Айнур урилгаар үзэж сонирхлоо. Энэ үеэр авьяаслаг зарим сурагчдыг “ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ” алтан медалиар шагнасныг гардуулж баяр хүргэлээ.
“СОДОН ХЭМНЭЛ” хамтлагийнхан “ТАЙЛАН ТОГЛОЛТ”-оо сумын иргэд, хүүхэд багачуудад сонирхуулахаас гадна зэргэлдээх сумдад очиж тоглохоор төлөвлөжээ.