Монгол Улсын орон нутгийн их дээд сургуулийн оюутны спорт, урлагийн 24 дүгээр уламжлалт наадмыг 2024 оны 09 сарын 18-21-нд Ховд аймгийн төвд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Тус наадмыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИС-ийн Баруун бүсийн сургуулиуд хамтран "Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн Универсад 24 дүгээр наадам"-ыг 2024 оны 09 сарын 18-21-нд зохион байгуулахаар боллоо.
Энэ удаагийн наадмын зорилго нь Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авьяас чадварыг сорих, хөгжүүлэх, урлаг, гоо зүйн мэдрэмжийг нээн илрүүлэх, хөгжүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуучуудыг өргөнөөр хамруулахад чиглэж байна.
Волейбол, үндэсний бөх, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн спортын 5-6 төрлөөс гадна гоцлол дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, оюутан мисс гэсэн урлаг, соёлын таван төрөл мөн Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн их, дээд сургуулийн удирдлагуудын уулзалт, оюутны холбооны дарга нар болон биеийн тамирын багш нарын уулзалт, бусад арга хэмжээнүүдийг явуулах аж.
Ховд аймагт зохион байгуулах энэ жилийн наадамд зөвхөн баруун бүсийн сургуулиудаас гадна, хангай, говийн бүст үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиудыг хамруулахаас гадна МУИС-ийн Баруун бүсийн сургуультай гэрээ байгуулан ажилладаг ОХУ, Казахстан, БНХАУ-ын зарим их, дээд боловсролын байгууллагуудыг урьж оролцуулан олон улсын арга хэмжээ болгон цар хүрээг нь өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү наадмыг анх 1998 онд Завхан аймагт "Баруун бүсийн оюутны спортын наадам" нэртэй зохион байгуулж эхэлсэн байна.
Наадмын ерөнхий зохион байгуулалтыг 2001 оноос МОСХ хариуцан, зөвхөн бүсийн төдийгүй Монгол Улсын орон нутгийн их, дээд сургуулийг оролцуулан явуулахаар болжээ.
Энэхүү наадам нь ийнхүү Ховд аймагт 6 дахь удаагаа болно. Харин Увс аймагт 5 удаа, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт 4 удаа, Завхан аймагт 3 удаа, Архангай аймагт 2 удаа зохион байгуулагдсан байна.