МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, хөрөг зураг, усан будгийн нэрт мастер зураач Д.Мишигийн нэрэмжит Ховд арт галерейд
“Хавар” сэдэвт үзэсгэлэнг дэлгэлээ.
Монголын урчуудын эвлэлийн 3000 гаруй бүтээлийн 50 орчим үзэсгэлэн жил тутам зохион байгуулагддаг уламжлалтай. Үүний нэг болох “Хавар уламжлалт үзэсгэлэн” анх 1979 онд Улаанбаатар хотноо олны хүртээл болж байсан түүхтэй.
Энэ удаа тус үзэсгэлэнг орон нутагт анх удаагаа тэр дундаа эх орны баруун хязгаар Ховд аймагт нээж байгаа нь дүрслэх урлагийг хөгжүүлэх, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд давуу тал болж байна. Мөн 21 аймагт дүрслэх урлагийн үр шимийг түгээн дэлгэрэх их үйлсийн эхлэл болж байгаа юм.
Залуу уран бүтээлчдийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн дүрслэх урлагийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, танин мэдэхүй, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Монголын урчуудын эвлэл, Ховд арт галерей хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд шигшмэл 30 уран бүтээл дэлгэгджээ.
Энэ нь уран зураг, зураасан зураг, баримал, монгол зураг, чимэглэлийн зураг гээд дүрслэх урлагийн бүх л төрлийг хамруулснаараа онцлогтой.
"Хавар" үзэсгэлэнгийн нээлтэд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа болон Монголын урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүд, Ховд салбарын гишүүд, зураач, уран бүтээлчид, уран зураг сонирхогчид оролцлоо.
Энэ үеэр” Хавар-2024 үзэсгэлэн”-ийн уран зураг, монгол зургийн төрөлд шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардууллаа. Мөн соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрээ үнэлүүлж уран бүтээлч А.Бямбасүрэн, н.Сүхбаатар нар СТА тэмдгээр шагнуулсныг гардуулав.
Түүнчлэн Ховд арт галерейн сан хөмрөгт зориулж Урчуудын эвлэлийн уран бүтээлчид, удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ хадгалууллаа.