“Баруун бүсийн соёл утга зохиолын III чуулган”-д Улаанбаатар хот болон баруун бүсийн аймгуудаас зохиолч, яруу найрагч, соёлын салбар байгууллагын ажилтнууд, иргэд хөдөлмөрчид, хүүхэд, өсвөр үеийнхний төлөөлөл 200 гаруй хүн оролцож байна.
Чуулганы хүрээнд бүс нутаг дахь оюуны соёлын болон утга, уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэнэ. Яруу найраг болон богино хэмжээний хүүрнэл зохиолын өдөрлөг, Утга зохиолын талаарх эрдэм шинжилгээний хурал, Уншигч-Зохиолчдын уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ нь соёл, утга зохиолын чиглэлээр ажиллаж буй байгууллага, хувь хүмүүсийг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Одоогоос 6 жилийн өмнө баруун бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа зохиолчдын нэгдэл, МЗЭ-ийн салбар байгууллагуудаас утга, уран зохиолын нэгдсэн үйл ажиллагааг тухайн бүсийн аймгуудад ээлжлэн зохион байгуулж байх санаачилгыг гаргасан байдаг.
Энэ хүрээнд 2018 онд Завхан аймагт анхны чуулганыг зохион байгуулсан бол хоёрдугаар чуулганыг 2019 онд Ховд аймагт хийсэн.
Харин өнөөдөр /2024.05.17/ Ховд аймагт дахин чуулж, Соёл-Утга зохиолын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх санал, зөвлөмжүүдийг гаргаж байгаагаараа онцлог болж байна.