Тус үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар улс орон даяар зохион байгуулж буй тус арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан оролцов.
Энэ арга хэмжээний хүрээнд үндэсний бичиг үсэг, олон угсаатны өв соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, музейн үзмэрүүдийг сурталчлахад чиглэсэн соёлын олон талт ажлыг өрнүүлж байна.
Соёл, урлагийн газар, Нийтийн номын сан, ХДТ, Музей, Монголын зохиолчдын эвлэлийн Алтай салбар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа.
Улмаар сэдэвчилсэн ном, музейн ховор үзмэр, уран бичлэгийн үзэсгэлэн, сум орон нутгийн соёлын байгууллага, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга, урлагийн тоглолт, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээл, номын клуб зэрэг 20-оод төрлийн үйл ажиллагааг олон нийтийн хүртээл болгохоор зорьжээ.
Онцлоход, Ховд аймгийн Музейд өмчийн бүртгэлтэй 1036 дэсийн 3144 үзмэр хадгалж байна. Үүнээс монгол хэв шинж бүхий 18 дугаар зууны үеийн гоёл чимэглэлийн 30 орчим төрлийн дахин давтагдашгүй нарийн ур хийцтэй үзмэрийг танилцууллаа.