Ард иргэдийн амийг аварч, эд хөрөнгийг аюулаас хамгаалан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, авран хамгаалах ариун үйлст өөрийн амьдралыг зориулж яваа эрхэм хүмүүсийн нэг бол Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Б.Мөнхзул юм. Тэрбээр 18 дахь жилдээ аврагч, гал сөнөөгч мэргэжлээр ажиллаж байна. Түүний ажил үйлс, амжилт ололт, туршлагын талаар ярилцлаа.
-Та ажлын гараагаа хэрхэн эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд 2002 онд ажлын гараагаа эхэлж, Ховд аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд гал сөнөөгч ажилд томилогдож байлаа. Анх ажилд ороход мэдэхгүй зүйл олон байсан ч туршлагатай ахмад ажилтнууд, мэргэжил нэгт нөхдөөсөө суралцаж, хамтдаа хөгжиж өнөөг хүртэл ажиллаж байна.
-Дүрэлзэн асаж буй гал руу хүн болгон орж чадахгүй. Тэгэхээр аврагч, гал сөнөөгч мэргэжлийн онцлогийн талаар таны бодол...?
-Аврагч, гал сөнөөгч мэргэжил нь хувь хүнээс тэсвэр тэвчээр, хүч чадал, зориг шаарддаг. Мөн авхаалж самбаатай байхын зэрэгцээ сэтгэл зүйн хувьд ч хүчтэй байх ёстой. Энэ талаараа бусад мэргэжлээс ялгарч байдаг. Учир нь гал сөнөөгч бид болзошгүй гал түймэр, гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах, гал түймэр унтраах, гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Ер нь онцгой байдлын алба гэдэг ард түмнийгээ авран хамгаалж, туслахын төлөө зориулагдсан нэр хүндтэй алба учраас энэ сайхан хамт олонтоо нэгдэж, мөр зэрэгцэн ажиллаж яваадаа би цаг үргэлж баярлаж, бахархаж байдаг. Гал түймэр унтраах, аврах үйл ажиллагаанд хамт олны эв нэгдэл, хурд хүч, оюун ухаан, багаар ажиллах ур чадвар чухал үүрэгтэй.
-Гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагаанд анхаарах зүйлс юу вэ?
-Алба хаагчид гурван шатны техникийг маш сайн эзэмшсэн байх хэрэгтэй гэж бодож байна. Мөн техник, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй байдлыг бүрдүүлэх нь гал түймэртэй тэмцэх ажилд маш чухал нөлөөтэй. Ингэснээр бусдын эд хөрөнгө, амь насыг авран хамгаалахын зэрэгцээ хамтран ажиллаж буй багийнханыхаа эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж чадна. Миний хувьд мэдлэг, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийг зорьж ажилладаг. Гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааны техникийг олон дахин давтаж, тогтмол дадлага сургуулилт хийснээр туршлага, ур чадвартай болдог.
-Таныг Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд нэлээд амжилт гаргасан гэж сонссон. Энэ талаар танилцуулна уу?
-Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэх нь бидний ажил мэргэжлийн үндсэн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тухайлбал, довтолгооны шат, гурав сунадаг шат, 4x100 метрийн буухиа гүйлт, саадтай 100 метрийн гүйлт зэрэг төрлөөр алба хаагчдын ур чадварыг сорьж, улмаар ажиллах арга барил, туршлагыг хөгжүүлдэг. Би анх 2003 оноос эхлэн энэ төрлийн спортоор хичээллэсэн. Энэ хугацаанд Баруун бүсийн гал унтраах техникийн олон төрөлт тэмцээнд 8 удаа, улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцож 24 медаль хүртэж байсан. Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд амжилт гарган 2006 онд спортын дэд мастер, 2019 онд спортын мастер болсон.
-Таны ажил чөлөөт цаг багатай. Энэ тал дээр гэр бүлийнхэн нь ямар байр суурьтай байна вэ?
-Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү маань сурагч, бага хүү, охин цэцэрлэгт хүмүүждэг. Эхнэр минь мэдээллийн технологийн мэргэжилтэй, төрийн байгууллагад ажиллаж байна. Бид төрийн албанд ажилладаг хүмүүс учраас цаг зав муутай. Арын ажил, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд эцэг эх нэлээд тусалж дэмждэг. Ажилдаа ороод удалгүй эхнэртэйгээ танилцаж байсан учраас алба, ажлыг минь маш сайн ойлгодог. Чиний тууштай зан, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байдал бусдад итгэл найдвар төрүүлдэг гэж байнга урам хайрладаг юм.
-Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. ОБГ-ын нийт алба хаагчид, хамт олондоо мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
- Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги маань 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Өдгөө түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн хамт олон, үе үеийн дарга, ахмад ажилтнууд, гал түймэр унтраах автомашины жолооч, аврагч, гал сөнөөгчид, тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд дэвшүүлж, ажил хөдөлмөрийн арвин их амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Монгол цэргийн яруу алдар мандан бадраг.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
<