“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо,
“Дэлхийн Зөн Ховд” ОНХХ, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, Сайн дурын ажилтнууд хамтран энэ оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын дунд
“Эрүүл агаар-эм" өдөрлөгийг 10 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн зорилго нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл агаарт гаргах, тэднийг идэвхжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэж байв.
“Эрүүл агаар-эм” өдөрлөгт аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон Жаргалант суманд амьдарч байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, өдөрлөг зохион байгуулж байгаа байгууллагуудын төлөөлөл 150 орчим хүн оролцлоо.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлэхдээ: аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийг шинээр ашиглалтанд оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлж ажиллана” гэлээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхдэд Паркийн 3 тоглоомоор үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг, үлгэрийн ном гардуулан өгөв.
Түүнчлэн “Эрүүл агаар- эм” өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын дунд “Аав Ээж Би” буухиа тэмцээн, “Чанга шивнээ” хөгжөөнт тэмцээн болон урлаг, спортын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм.
Н.Лхагва