"Морин хуур-2017" ХХХI наадмын тэргүүн дээд Гран При шагнал "Мөнгөн морин хуур" цомын хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 24 нд болно



Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмыг энэ жил агуулга цар хүрээг нь өргөжүүлэн мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрадын дуу гэсэн гурван номинациар шилдгүүдийг шалгаруулсан байна. "Жинжиймаа", "Эгиймаа", "Оюумаа", "Хоожаамаа", "Янжинлхам"  "Хөөрхөн", "Явлаа гэж чанга битгий хэлээрэй", "Дуу болгон ардынх болдоггүй" зэрэг олон сайхан дуугаараа үзэгчдийн танил болсон Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Базарсадын Хүрэлбаатар  Оны шилдэг дуу, шилдэгийн шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах "Морин хуур-2017" ХХХI наадамд яруу найрагч З.Амгаланбаатарын шүлэг "Баатархайрхан", Б.Галсандовдонгийн шүлэг "Аав тандаа"  дуугаараа оролцлоо. Тэрээр 36 жил соёл урлагийн салбарт ажиллахдаа 11 удаагийн "Морин хуур наадам"-д оролцож ирсэн бөгөөд 31 дэх наадмын Нийтийн дууны төрөлд Гансандондовын шүлэг “Аав тандаа” дуу нь 4-р байранд шалгарсан бол мэргэжлийн дууны төрөлд яруу найрагч З.Амгаланбаатарын шүлэг "Баатархайрхан" дуугаараа "Морин хуур-2017" ХХХI наадмын тэргүүн дээд Гран При шагналыг хүртэж Шороон нохой жилийн сар шинийн босгон дээр нь Ховдчуудаа баярлууллаа. "Баатархайрхан" дууг Зэрэг сумын уугуул, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-очир дуулжээ.

ВИДЕО:



Тэрээр 2018 оны 02-р сарын 24 ний 18 цагт  "Морин хуур-2017" наадмын тэргүүн ГРАН ПРИ шагнал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах "Мөнгөн морин хуур" цомын хүндэтгэлийн хүлээн авалтаа зохион байгуулах гэж байна.



"БААТАРХАЙРХАН" дууны шүлэг

Буугаад мордоход агь үнэртсэн 
Буянт гол нь сэрүүн амьсгалтай
Буцааж болдоггүй түүхийн жимээр 
Буурал алтайн нуган уул сүндэрлэсээр

Дахилт:


Ховдоо тольдож холыг харсан
Хонож саатмаар нутгийн минь чимэг
Хойморт заларсан сүлд уул
Хан алтайн Баатархайрхан

Хүсэл сэтгэлдээ хайр нэмсэн
Хүрээд очиход өндөр босготой
Ботгон бөх шиг орой нь ханьссан
Бодол чуулсан талын уул зүмбэрлэсээр

Дахилт:

Газрын тулганд бадамлан ассан
Ганга анхилам ариун сэвшээтэй
Хүний газар явааг нь ерөөсөөр
Хөдөө нутгийн баатар уул угтсаар

Дахилт:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ