Ховд аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс тогтмол хуралдаж холбогдох асуудлуудыг шат дараатай шийдвэрлэн ажиллаж байна. Энэ сарын 16 ны өдөр хуралдсан Онцгой комиссын хурлаар аймгийн онцгой комиссын гишүүдэд өвөлжилт хүндэрсэн сумдыг хувиарлан өгч, өвөлжилтийн болон цаг үеийн нөхцөл байдалд хяналт тавих, мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь шинэчилж ажиллах үүрэг өгсөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11 мянган толгой мал хорогдсон мэдээтэй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 17, 20-21 ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, Алтайн өвөр говиор цаг агаар тогтуун бусад сумдын нутгаар сарын сүүл хүртэл хүйтний эрч сулрахгүй байх төлөвтэй байгаа учраас цагийн байдал улам бүр хүндэрч болзошгүй байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр ОХУ-аас оруулж ирэн орон нутагт олгож байгаа тэжээлээс эхний ээлжинд 160 тн-ыг Баян-Өлгий аймагт тээвэрлэж ирсэн, Ховд аймагт ирэнгүүт нэн тэргүүнд өвөлжилт хүндэрсэн сумдад олгохоор төлөвлөж байгааг аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог онцоллоо. Мөн тээврийн хөлсөө цаг тухай бүрд нь өгөөгүй, өр үүссэний улмаас 3-5 хан хоногийн нүүрсний нөөцтэй байгаа “Бадамлах дөл” дулааны станцын асуудалд аймгийн Онцгой комиссын зүгээс анхаарч, Жаргалант сумын удирдлагуудад нүүрс тээврийн компани олж гэрээ хэлцэл хийн, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд яаралтай арга хэмжээ авч ажиллах үүрэг өгчээ. Огноо: 1/17/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1621 Мэдээ таалагдсан: