”Босоо заяатай Монгол”-7 тэмцээнд 28 цэцэрлэгийн 150 гаруй хүүхэд оролцжээ.



Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга техникийг бага наснаас нь эхлэн хүүхэд багачуудад таньж мэдүүлэх, сурталчилах, Ховд нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэж ирээдүйн аваргуудыг төрүүлэх, барилдах дур сонирхолтой хүүхдүүдийг хөхүүлэн дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, эрүүл  чийрэг бие бялдартай иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд Сандагийн Бямбацогтын ивээл дор цэцэрлэгийн 4-5 насны хүүхдийн дунд Жаргалант сумын 1-р цэцэрлэг  “Босоо заяатай Монгол” бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа. Өдгөө 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэхүү  бөхийн барилдааны оролцогчдын тоо, хамрах хүрээ  жил ирэх тусам нэмэгдсээр энэ жил нийтдээ 28 цэцэрлэгийн 150 гаруй  хүүхэд оролцсон байна. 






"Босоо заяатай Монгол" бөхийн барилдаанд Дарви сумын цэцэрлэгийн Давхарбаярын Жаргалсайхан түрүүлж, Жаргалант сумын 11-р цэцэрлэгийн Лхавгасүрэнгийн Төгсбилэг үзүүрлэжээ.





Харин Жаргалант сумын 3-р цэцэрлэгийн Бердханы Нурдаулет, Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн Ганболдын Мөнгөнбаатар нар шөвгөрсөн байна.  



"Босоо заяатай Монгол"  бөхийн барилдааны "Дайчин барилдаанч хүүхэд"-ээр Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн Гансүлдийн Төрболд "Уран мэхтэй бөх"-өөр Үенч сумын цэцэрлэгийн Гансүхийн Далай, Жаргалант сумын 5-р цэцэрлэгийн Нямандэлэгийн Баянмөнх, "Өхөөрдөм бөх"-өөр Жаргалант сумын 2-р цэцэрлэгийн Билэгтийн Отгонбаяр нар тус тус шалгарчээ.




Ховд аймгийн Жаргалант сумын  "Оюуны ундраа" нэгдүгээр цэцэрлэг, аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Босоо заяатай Монгол” цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бөхийн  барилдааны их хөлийн цэцээр  аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч, Их гарын даа Б.Шоовдой, Аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч н.Авирмэд, аймгийн  Аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч , аймгийн БТСГ-ын Үндэсний бөхийн дасгалжуулагч Б.Нямандэлэг нар ажиллалаа.

 

“Босоо заяатай Монгол” бөхийн барилдааны тэмцээнд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Сандагийн Бямбацогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч С.Гантөмөр болон  аймаг орон нутгийн удирдлагууд, зохион байгуулагчид нь  гардуулж баяр хүргэлээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ