Ховдын хөвгүүд Монголын хөлбөмбөгийн ертөнцөд тэсрэлт хийлээ

Монголын Хөлбөмбөгийн холбооны өсвөр үе, идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 4 насны ангиллаар энэ сарын 05-22-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. 
Тус тэмцээнд Ховд аймгийн 13, 15 насны хөвгүүд хот хөдөөгийн шилдэг багуудтай авьяас чадвараа сорин өрсөлдөж, амжилттай оролцжээ. 
Тэмцээний 13 насны ангилалд өрсөлдсөн Ховдын хөвгүүд С хэсэгт Сүхбаатар аймаг,  Улаанбаатар хотын шилдэг клубууд болох Сэлэнгэ пресс, Дмю клубуудтэй багтан Сүхбаатар аймгийг 2:0-ээр, Сэлэнгэ пресс клубыг 1:0-ээр, Дмю клубыг 2:0-ээр тус тус хожин хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд Хүрхрээ дээд лигийн шилдэг баг болох Хоромхон клубын багачуудтай 50 минутын турш ширүүн тэмцсэний эцэст гоолгүй тэнцэж, цуврал торгуулийн цохилтонд 3:1-ээр ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн юм. 
Тэмцээний 15 насны ангилалд Ховд аймгийн хөвгүүд тэмцээн эхэлсэн цагаас сенсаацийг тарьж байлаа. Ховдын хөвгүүд тэмцээний А хэсэгт багтан Монголын Тэмүүлэл клубыг 3:0-ээр, Хэнтий аймгийг 19:0-ээр хожин, хэсгийн тэргүүн багийн төлөө өсвөрийн хөлбөмбөгийн хамгийн том төлөөлөл болох Дэрэн клубыг 2:1-ээр тус тус хожин дуулиан тарьсан билээ. Тэд хасагдах шатанд Монголын хөлбөмбөгийн тэргүүн лиг Хүрхрээ Дээд лигийн 9 удаагийн аварга Эрчим клубын залгамж халаа болсон багачуудтай өрсөлдөж 2:1-ээр илүүрхэн хагас шигшээд үлдэн хөдөө орон нутагт хөлбөмбөг хөгжиж байгаа юм шүү гэдгийг харуулсан юм. Идэрчүүдийн УАШТ-ий гадна болон футзалны 2015 оны аварга Эрхэс клубтэй ширүүн тоглолтыг үзүүлж 3:1-ээр хожиж, энэхүү тэмцээний финалд анх удаа үлдсэн юм.  Ийнхүү идэрчүүдийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний аваргын төлөө зооноос хамтдаа гарч ирсэн, Серби улсын мэргэжилтэн Воиеслав Бралушичаар удирдуулсан хүүхдийн шилдэг баг Дэрэн клубтэй өрсөлдөж 2:0-ээр дийлдэн тэмцээний Мөнгөн медалийг хүртлээ. Тус тэмцээний шилдэг хагас хамгаалагчаар Ховд аймгийн тоглогч Ш.Энхтүвшин шалгарсан нь Ховдын хөвгүүд хэр авьяастайг харуулсан үйл явдал байлаа. 
Урьдчилсан болон шигшээ шат гэсэн 2 үе шаттай тус тэмцээнд оролцоход гүнээ туслалцаа үзүүлсэн тоглогчдын эцэг эх, хамаатан садан, хичээлийн чөлөө олгон ирүүлсэн сургуулиудын хамт олон, тоглолтын үеэр дүү нараа ирж уухайлан дэмжиж байсан Ховд нутгийн уугуул залуучууддаа  Ховд аймгийн Хөлбөмбөгийн холбооноос баярлаж талархсанаа илэрхийлье гэжээ. 
                                                                                

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ