Монголын уулчид Белуха хайрханд амжилттай авирчээ

Монгол улсын гавьяат тамирчин ОУХМ Б.Гангаамаа ахлагчтай Монголын уулчдын баг ОХУ-ын уулчдын багтай хамтран, энэ сарын 01-ээс 15-ны өдрүүдэд сибирийн ноён оргил Белуха хайрханд амжилттай авирчээ. 
Монголын уулчдын багт “Ганга- Эверест” сан, “UB хакинг” клуб, “Хайрхан аялагч” клуб, “Хангарьд клуб”, Говь-Алтай аймгийн “Сутайн бор” клуб гэхчилэн уулчдын томоохон клубуудын төлөөлөл болох туршлагатай, чадварлаг уулчид багтсаны дотор Ховд аймгийн “Хан Алтайн Бүргэдүүд” клубын уулчин, спортын мастер, сэтгүүлч Г.Төрмөнх уг авиралтыг манлайлан оролцсон байна.  
Монгол Оросын уулчдын хамтарсан баг 8 сарын 03-ны өглөө Уулын Алтайн Усть-Каны районы Тюнгур суурингаас авиралтын замаа эхэлж, авиралт болон сургалт дадлагаа хослуулан явуулсаар нэг талдаа зуугаад километрийн урт бартаат замыг туулж, 8 сарын 11 –ны өглөө тэндхийн цагаар 10 цаг 30 минутын орчимд, өндрийн авиралтын А3 категорын замаар Белуха хайрханы ноен оргил болох “Восточной Вершина” оргилд авиран гарсан аж. 
Белуха хайрхан нь өндрийн авиралтын хувьд дэлхийн хэмжээн дэх хамгийн эрсдэл өндөртэй, хүнд хэцүү оргилуудын нэг бөгөөд өндрийн авиралтанд хэрэглэгддэг эрсдлийг сөрөх бүхий л амь өрссөн техникүүд хэрэглэгддэг юм байна. 
Уулчид авирах үедээ өөрсдийн байгуулсан өндрийн болон дундын бааз кэмпүүдийг дамжиж, 8 сарын 13-ны өдөр үндсэн бааз кэмп дээр амжилттай бууж ирсэн бөгөөд тэндээсээ мөн явганаар аялан, 8 сарын 15-ны орой хилийн бүсийн Тюунгур сууринд хөл тавьжээ.      
Энэхүү экспедицийн хүрээнд олон улсын 10-аад баг авирснаас ОХУ-ын нэгдүгээр баг болон Монголын уулчдын багт алтан медаль гардуулжээ.  
Монголын уулчдын багийг ийнхүү амжилттай авиралт хийхэд ОХУ-ын уулчин Виталий Михайлович, Таймасов Олег, Юрий Никушкин нарын мастерууд, мөн хамтран авирсан Оросын баг тамирчид түүнчилэн авиралтын зохион байгуулалтыг хариуцсан ОХУ-ын Онцгой байдлын гавъяат ажилтан, Уулын бүсийн аврах албаны захирал Валерий Иванович Якубовский тэргүүтэй хүмүүс үнэтэй тусламж үзүүлсэн юм хэмээн уулчдын багийнхан ярьж байна.        


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ