Арван нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ



2023 ОНЫ 11 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ:

Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн өвөр говийн нутгаар -2...-8°С бусад нутгаар -8...-12°С байдаг. Сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говийн нутгаар 0-2 мм, бусад нутгаар 2-4 мм ордог.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:



Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн /Зураг 1/, хур тунадас ОЖД–аас ахиу /Зураг 2/ байна.



Агаарын температур, хур тунадасны явцыг /Зураг 3/-д харуулав.



Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, агаарын температур ОЖД–аас 2–4°С-аар хүйтрэх төлөвтэй байгаа бол сарын сүүлийн арав хоногт харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С градусаар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД– аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна

ЗӨВЛӨМЖ

Арваннэгдүгээр сард нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар ОЖД–аас 3–4°С–аар хүйтрэх төлөвтэй байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ