Монгол улсад Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны түүхт 100, 101 жил, Ховд Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-ийн 75 жилийн ой энэ жил тохиож байгаа.
Ховд аймгийн эрчим хүчний салбарын хамт олон өнөөдөр /2023.09.08/ түүхэн ойгоо тэмдэглэж байна. Ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд, эрчим хүчний салбарын төлөөлөл оролцож илч гэрлийн эзэд болсон инженер техникийн ажилтан, албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.
Аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа Ховд аймгийн эрчим хүчний салбарын үе үеийн хамт олонд баяр хүргэлээ.
Мөн энэ салбарт хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал,
Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний нийт 22 төслийг ойрын арван жилд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагийн нэг нь Баруун бүсээ бүрэн хангах чадалтай Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын төсөл.
Дөргөний усан цахилгаан станц, Мянгадын нарны цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж Баруун бүсэд нийлүүлэх, цаашид Ховд аймаг маань хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа гэдгийг онцлов.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр салбартаа олон жил ажилласан зарим албан хаагчдыг шагнаж урамшууллаа.