Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар эмийн зохисгүй хэрэглээ нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах, сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Гэтэл иргэд эмийг эмчийн заавар, жоргүйгээр дур мэдэн их хэмжээгээр хэрэглэх, зориулалтын бус газар, орчин нөхцөлд удаан хугацаанд хадгалах тохиолдол байсаар байна. Иймээс иргэд, үйлчлүүлэгчдийн дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийг дур мэдэн хэрэглэхийг зогсоох, эмийн гаралтай хог хаягдлын талаар мэдлэг олгох зорилтын дагуу
“Гэрийн эмийн сангаа цэгцэлье” сэдэвт иргэдэд чиглэсэн өдөрлөгийг өнөөдөр /2022.09.23/ Ховд аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Эм холбоо ТББ хамтран хэрэгжүүлсэн бөгөөд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 18 эмийн сангийн ажилтан, эм зүйч, эм найруулагч нар 100 гаруй иргэнд хүрч ажиллав. Ингэхдээ эмийг зөв хэрэглэх аргуудын талаар танилцуулж, гэрийн эмийн санд хадгалах боломжтой, мөн удаан хугацаанд хадгалах боломжгүй эм, эмийн дагалдах хэрэгслийн талаар зөвлөмж өгсөн юм. Түүнчлэн зарим иргэд гэрийн эмийн сангаа авч ирж, мэргэжлийн эм зүйч, эм найруулагчаар цэгцлүүлэхийн зэрэгцээ хугацаа дууссан, хэрэглэх боломжгүй болсон эмийг устгалд орууллаа.
Энэхүү өдөрлөгийн үр дүнд орон нутгийн иргэд эмийн аюулгүй байдал, эмийн гаж нөлөөний талаарх мэдлэг, мэдээллээ өргөжүүлж, эмийг буруу хэрэглэснээр гарах сөрөг үр дагавар, хаана хэнд хандахаа мэддэг боллоо. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн шинэчлэгдсэн жагсаалтын хөнгөлөгдөх хувь хэмжээ болон олгох журмын талаар мэдээлэл авч, даралт үзэх, жин хэмжих зэрэг олон талт үйлчилгээ үзүүллээ.