Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллого эхэллээ



Төрийн өмчийн хороо байгуулагдан анхны үзлэг тооллогыг 1997 онд хийж байсан. Түүнээс хойш Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг 7 дахь удаагаа явуулж байна.



Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран холбогдох албан тушаалтнуудад сургалт явуулж байна.



300-аад хүн оролцож буй уг сургалтыг энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулж үзлэг, тооллогыг хэрхэн явуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.



Энэ удаагийн тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, хөрөнгийн чанар байдалд үнэлэлт өгөх, өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, төрийн цахим мэдээллийн санг ашиглан сан бүрдүүлэх зорилт тавьж байна.


Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг тооллогыг Ховд аймагт аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулж ажиллана. Тооллогыг энэ оны зургадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөжээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ