Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймагт ажиллав



Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зочилж, төвийн үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн удирдлагатай уулзаж ярилцлаа. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь мэс заслын клиникийн зургаан тасаг, дотрын клиникийн 10 тасаг, параклиникийн найман тасаг, урьдчилан сэргийлэх нэг төвтэй бөгөөд 438 эмч, ажилчидтайгаар баруун бүсийн таван аймгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тус төвийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бельги улсын Засгийн газар хамтарсан төслийн хүрээнд нийт 58 нэр төрлийн 102 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Ингэснээр эмчилгээ, оношилгоо хийлгэх зорилгоор баруун бүсээс Улаанбаатарыг зорьдог иргэдийн тоог бууруулах, орон нутагтаа эмнэлгийн чанартай үйлчилгээ, тусламж үзүүлэх боломжтой болжээ.



Гэвч таван аймгийн иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд төвийн барилгыг өргөтгөх, багтаамжийг нэмэгдүүлэх, мөн боловсон хүчний тоог нэмэх, чадавхыг нь тогтмол сайжруулах шаардлагатай байгаа талаар эмнэлгийн удирдлага хэлж байна.

                                                                                      Ховд аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа



Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ховд аймагт ажиллах үеэрээ тус амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. 80 гаруй мянган хүн амтай Ховд аймгаас энэ жил 377 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 39, Хоёрдугаар зэргийн одонг 338 ээжид тус тус хүртэж байна. Үүнээс Булган, Үенч, Алтай сумын ээжүүдийн “Эхийн алдар” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Булган суманд ажиллах үеэрээ гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлж, баяр хүргэлээ.



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мөн өнөөдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж, тус ангийн удирдлагатай уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсан угтсан юм.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ