Монгол улс, Оросын холбооны улсын нутаг дэвсгэрийг дамнасан
“Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаан энэ оны долоо дугаар сарын 01-14-ний өдрүүдэд болно.
Уг уралдаан нь 2009 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 2019 онд Монгол улстай хамтран зохион байгуулж байсан.
Монгол улсын нутаг дэвсгэрийг дамнан хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй уг уралдааны маршрут нь ОХУ-ын Томск хотоос эхэлж Монгол улсын Баян-Өлгий аймгаар хил нэвтрэн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн газар нутгийг дайран Улаанбаатар хотод барианд орох юм.
Иймээс уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Торгоны зам” олон улсын ралли уралдааны зохион байгуулагчид өнөөдөр /2024.04.24/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганболд болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзав.
Уулзалтаар уралдаанд оролцож буй баг тамирчдын амрах буудаллах кемп байгуулах газар, уралдааны маршрутыг шалгах зэрэг уралдааны зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо. Мөн эл асуудалтай холбогдуулан орон нутагт ажлын хэсэг байгуулж ажиллахаар болов.
“Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаан нь Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарсан бартаат замын томоохон уралдаан бөгөөд энэ жилийн тухайд БНХАУ-ын Автомашин, мотоциклын спортын холбооноос уралдааны зорчих замын зарим хэсгийг Хятадын газар нутгаар явуулах боломжгүйг мэдэгдсэн байна.