Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа МУИС-ийн Баруун бүсийн сургууль, Хөгжил политехник коллежийн оюутан, суралцагч нараас сонгон шалгаруулалтыг явуулж журмын шаардлага хангасан бүрэлдэхүүнтэй цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтыг эхлүүлж байна.
Энэ жил МУИС-ийн Баруун бүсийн сургуулиас 25, Хөгжил Политехник Коллежоос 25 суралцагч хамрагдаж байна.
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалтын нээлт өнөөдөр /2024.03.30/ боллоо.
Үйл ажиллагааны нээлтэд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Ховд Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг, МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн сургалт оюутны хэлтсийн дарга Амарзаяа тэргүүтэй албаны төлөөллүүд болон сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн оюутнууд оролцов.
Засаг дарга Э.Болормаа: Энэхүү сургалт анх 2014 оноос Улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Манай аймагт 2016-2019, 2023 онуудад амжилттай зохион байгуулагдаж Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн баруун 5 аймгийн их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдыг бэлтгэж ирсэн. Энэ жил 6 дахь удаагаа “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж байна. Та бүхэн энэхүү сургалтад хамрагдаж цэргийн эрдэмд суралцангаа амьдралын ухаанд суралцана гэдэгт итгэл дүүрэн байна хэмээгээд “Оюутан цэрэг”-үүдэд амжилт хүслээ.
“Оюутан-цэрэг” сургалтын зорилго нь оюутан залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бүх талаар бэлтгэж, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг олгох, тэднийг ахмад үеийн баатарлаг, дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед эх орноо батлан хамгаалах дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.
Оюутан суралцагч нар нь 2 сарын хугацаанд “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны онолын сургалтад хамрагдсанаар “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтад хамрагдах нөхцөл бүрдэх учиртай.