МоЭнКо ХХК-ийн байгаль орчны багийнхан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр зэрлэг ан амьтдад өвс тэжээл тавьж өгч биотехникийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаа Дарви, Цэцэг, Үенч сумдад гуравдугаар сарын 23-28-нд энэ ажлыг хэрэгжүүллээ.
Тодруулбал, Үенч сумын Нарийны цахир дэвсэг, Харгайтын өвөр цахир, Ганц мод Дарви сумын Мөрөн багийн Баясгалантын ам, Бургастайн ам, Музан, Цэцэг сумын Баянгол багийн Хөх хөндий эх, Босгын хөтөл, Сөрт орчимд 720 пресс нарийн ногоон өвс, ногоон тэжээл, 3 тонн хужир тавьжээ.
Ан амьтдад өвс, тэжээл, хужир тавьж өгөхөд дээрх сумдын байгаль хамгаалагч нар болон байгаль орчны улсын байцаагч, багийн дарга, МУНУТХГ-ын хамгаалалтын захиргаа, Мөнххайрхан уулын улсын тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч нар хамтран ажилласан байна.
Жич: "БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ" ГЭЖ ЮУ ВЭ?
Амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг "биотехникийн арга хэмжээ" гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргаж өгөх гэх мэт арга хэмжээ авахыг хэлнэ.