Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Х.Батболд тэргүүтэй орон нутгийн удирдлагууд албаны төлөөллийн хамтаар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитцыг өнөөдөр /2024.04.23 /хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Германы хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Монгол улс болон ХБНГУ нь Эрчим хүч, Боловсрол, Байгаль хамгааллын чиглэлд түлхүү хамтарч ажилладаг. Энэ гурван чиглэлийн хамтын ажиллагааны төсөл нь бүгд Ховд аймагт хэрэгжиж байна.
Тодруулбал,
-2022-2023 онд GIZ /Progres/ Эдийн Засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төсөл
-2019-2024 онд GIZ /Spases/Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар Экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь хөтөлбөр,
-2020-2024 онд KFW Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл юм.
2024 онд Монгол улс ХБНГУ хоорондын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа энэ чухал үед манай аймагт ажлын айлчлал хийж байгаад талархалтай байгаагаа орон нутгийн удирдлагууд илэрхийлэв.
Түүнчлэн орон нутгийн удирдлагуудын зүгээс дээрх төслүүдийн хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнгээ өгч буйд талархал илэрхийлж, цаашид алслагдсан баруун бүс нутгийн оюутан залуучуудаас мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах, Байгаль орчин тэр дундаа Хар ус нуурын байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлалаа.
Нөгөө талаас саналуудыг хүлээн авч байгаагаа илэрхийлж, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр болон өөр бусад чиглэлээр хамтарч ажиллах ямар боломж байгаа талаар цаашид судалж үзэх болно гэдгийг онцлов.