Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь хамтарсан багийн гишүүдийг нэгдсэн мэдээллээр хангах, чадавхжуулах чиглэлд тодорхой ажлыг үе шаттай хэрэгжүүлдэг. Энэ удаа “Дэлхийн Зөн Ховд” орон нутгийн хөтөлбөр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “Шинэ төрлийн коронавирус \covid-19\-ний халдварын үед хамтарсан багаар үзүүлэх хамгааллын хариу үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулав.
Ховд аймгийн хэмжээнд 29 хамтарсан баг 180 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Хамтарсан багт сумдын Засаг дарга, нийгмийн ажилтан, цагдаа, эмч, эцэг эхчүүдийн төлөөлөл ажилладаг. Тэгвэл энэ удаагийн сургалтад 17 сумын хамтарсан багийн 90 гаруй гишүүн оролцсон юм. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд хамтарсан багийн гишүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчил шалгах, гэмт хэргийн хохирогч болон эрсдэлд байгаа хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх талаар аргазүйн зөвлөмж өгдөг. Энэ онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 72 тохиолдол бүртгэгдсэнээс 29 тохиолдлыг 17 сумын хамтарсан багт шилжүүлэн ажиллажээ. Улмаар бага насны хүүхдэд тавих хараа хяналт сайжруулах, амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдэд шаардлагатай хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түргэвчилсэн үнэлгээ хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн аж.
Ингэхдээ 17 сумын 610 өрхийн 1826 хүүхэд, 1420 насанд хүрэгч гээд нийт 3246 иргэнд хувцас, мөнгөн тусламж, хүнсний болон дархлаажуулалтын багцын дэмжлэг үзүүлсэн байна.
Хамтарсан багийг чадавхжуулах зорилго бүхий энэ удаагийн сургалтын хүрээнд хүүхэд, гэр бүлд чиглэсэн хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх арга зам, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж, боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын бодлого, цаашид анхаарах зарим асуудлын талаар албаныхан мэдээлэл хийв.
Сургалтын үр дүнд оролцогчид цаашид хамтарсан багийн гишүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн төлөвлөгөө гаргах, төсөв санхүүжилтын асуудал шийдвэрлэх, сургууль, дотуур байр, цэцэрлэгийн гадна ба дотоод орчинд эрсдэлийн үнэлгээ хийх, хүүхдэд ээлтэй орчин бий болгох зэрэг хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллахаар болжээ.