Ихэр ботго төрүүлсэн ингийг "МӨНГӨН БУЙЛ"-аар буйллаж, малч эздэд нь хүндэтгэл үзүүлэв



Ингэ ихэрлэх нь нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн Монголчууд эртнээс нааш билэгдэж ирсэн. Тэгвэл Ховд аймагт сүүлийн жилүүдэд тогтмол ингэ ихэрлэж байна. Тодруулбал, 2009 онд Мянгад суманд, 2016 онд Зэрэг суманд 2017 онд Манхан суманд тус тус ингэ ихэрлэж байсан бол энэ хавар Чандмань суманд ингэ ихэрлэж  малч эзэн, нутаг усныхаа ард иргэдийг баярлууллаа.



Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Мягмарынх  "Хар судгийн оргидогийн өвөр" гэх газар хаваржиж байна. Эднийх 5 хошуу малтай. Голдуу хонь, ямаа өсгөн үржүүлдэг, 30 гаруй тэмээтэй гэнэ. Тэмээн сүргээс нь энэ хавар 6 ингэ ботголоос ийнхүү 6 настай хүрэн ингэ нь 2 дахь төрөлтөөрөө ихэрлэжээ.


Энэ оны 04-р сарын 13-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИХ-ын төлөөлөгч Н.Батцагаан, Т.Баатарзориг нар Чандмань сумын малчин Д.Мягмарын хотонд очиж эрт дээр үеэс уламжилж ирсэн ёс жаягийн дагуу ихэр ботго төрүүлсэн ингийг "МӨНГӨН БУЙЛ"-аар буйллаж, малч эздэд нь хүндэтгэл үзүүллээ.  

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ