Баруун бүсэд сүүлийн 30 жилийн хугацаанд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт боллоо

2020 оны 3-р сарын 20-нд Орон нутгийн цагаар 10 цаг 03 минутад хойд өргөргийн 46,06N, зүүн уртрагийн 94,07E-д, Рихтерийн шаталбараар магнитуд нь 5.8-тэй тэнцэх хэмжээний хүчтэй газар хөдлөлт Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урагшаа 30км зайд боллоо.
Энэхүү газар хөдлөлтийн голомт нь Ховд аймгийн төвөөс 275 км, Мөст сумаас 115 км, Цэцэг сумаас 85 км, Дарви сумаас 100 км, Булган сумаас 200 км зайд болсон байна.
Одоогийн байдлаар энэ хүчтэй газар хөдлөлтийн давтан хөдлөлт нь магнитуд нь 4.5-тай, 3.6-тай 2 удаа болоод байна. Энэхүү хөдлөлт нь баруун бүсэд сүүлийн 30 жилийн хугацаанд болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт болсноороо онцлогтой.
Хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт нь 1988 онд Цамбагарав уулын орчимд магнитуд нь 5,9-тэй газар хөдлөлт болж байсан. 
2020 он гарснаас хойш баруун бүс нутагт болж байгаа 7 дахь удаагийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд 2 дугаар сарын 12-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун тийш 31 км-ийн зайд магнитуд 4.8-тай газар хөдлөлтөөс хойш болж байгаа хамгийн хүчтэй газар хөдлөлт нь энэ юм.
Энэ газар хөдлөлт нь Тонхил, Бижийн хагарлын ойролцоо болсон бөгөөд 2020 оны эхний 3 сарын байдлаар нийт 128 газар хөдлөлт бүртгэгдсэн байсан. Энэ бүс нутагт 1988 онд М=5,0-той хүчтэй газар хөдлөлт болж 20 км урт хагарал үүссэн байдаг.
Энэхүү газар хөдлөлт нь голомтон дээрээ маш хүчтэй болсон учраас Ховд аймгийн баруун талын бүх сум, аймгийн төвийн оршин суугчид мэдрээд байна. 
Мөн Говь-Алтай аймгийн төв, бүх сумдуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Ховд аймгийн Мөст, Дарви, Булган сумын иргэд маш ихээр мэдэрсэн байна. 
Иргэдийн маш хүчтэй доргилт мэдэрсэн, толгой эргэсэн, 2 удаагийн чичирхийлэл дарааллан орж ирсэн, тавилга эд хогшил хөдөлсөн, дүүжлээстэй зүйлс савалсан, орон дээр хэвтэж байтал хүнгэнэсэн дуу гарсан, машин ирээд мөргөхтэй адил дуу гарсан зэрэг мэдээллийг өгөөд байна. 



Эдгээрээс дүгнэж  үзэхэд газар хөдлөлтийн голомтод ойрхон сумдад IV-V балл, аймгийн төвд III-IV баллаар тус тус мэдрэгдсэн гэсэн урьдчилсан үнэлгээг гаргаад байна. 
Цаашид нарийвчилсан Баллын үнэлгээг гаргахаар макро мэдээнүүдийг ард иргэдээс яаралтай авч байна гэж Одон орон геофизикийн  Ховд салбарын эрхлэгч С.Загдсүрэн мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ