Баруун бүсийн ууган их сургууль ХИС үүсэн байгуулагдсаны түүхт 40 жилийн ой ирэх хичээлийн жилд тохиож байгаа юм. Иймээс ойг угтсан олон ажлыг сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа бөгөөд төгсөгчидтэй уулзалт хийх, хандивын үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг 4 маршрутын дагуу ХИС-ийн үе үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд ХИС-ийн Эдийн засаг, хангамж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Нямсүрэнээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй I баг энэ сарын 18-21-ний өдрүүдэд Ховд аймгийн Ховд сумаас эхлээд Баян-Өлгий аймгийн Толбо, Бугат, Алтанцөгц, Баяннуур, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллалаа. Энэ үеэр сум, сургуулийн удирдлагууд, төгсөгчидтэй уулзаж, сургуулийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудаа танилцуулах, төгсөгчдөөс судалгаа авах, төгсөгчдийн холбооны салбар байгуулж тэргүүлэгч, гишүүдийг сонгох, төгсөгчдөөс хандив авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан юм. Төгсөгчдийн хувьд олон жил уулзаагүй байсан багш нартайгаа уулзаж дурсамж дурдатгалаа ярих, сургуулийнхаа сүүлийн үеийн мэдээллийг авах боломжийг бүрдүүлсэн сургуулийн хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлж түүхт 40 жилийн ойдоо заавал очно гэдгээ онцолж байлаа.