Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдав



Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ахладаг бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд тусгайлсан чиг үүрэг бүхий 17 байгууллагуудын төлөөллийг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Зохицуулах зөвлөлийн энэ оны анхны хурлаар 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, үндсэн чиглэл, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
Зөвлөлийн бүрэлдэхүүнд шинээр Хүний эрхийн үндэсний комиссын Ховд аймаг дахь ахлах шинжээч, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тагнуулын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Ховд их сургууль, Мэргэжлийн хяналтын газар зэрэг зургаан байгууллагыг нэмж 23 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болов. Зөвлөлийн гишүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт ажлыг хамтран зохион байгуулснаар 2018 онд гэмт хэргийн гаралт 16,2 хувиар, зөрчил 9,7 хувиар буурч, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 96,3 хувьтай биелүүлсэн дүнтэйгээр шинэ оноо угтаж байгааг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди онцлон хэлсэн юм. Тиймээс 2019 оны төлөвлөгөөгөө илүү бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд гишүүдийнхээ саналыг тусгаж, гишүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн ажиллахыг уриаллаа.



Хурлаар зохицуулах зөвлөлийн гишүүд төлөвлөгөө, шинэ үйл ажиллагаандаа хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, өсвөрийн сэргийлэгч, өсвөрийн аврагч тэмцээн болон сумдад хууль сурталчлах сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлуудыг хамтран зохион байгуулахаар тогтов. Мөн энэ оны төлөвлөгөөнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд байгууллагын оролцоог идэвхжүүлэх, эцэг эхийн зөвлөлийг байгууллага тус бүрт шинээр байгуулах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор дэд зөвлөл, малчдын зөвлөгөөнийг зохион байгуулах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр олон талт томоохон үйл ажиллагааг зохион байгууллахаар төлөвлөсөн байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ