Мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ




Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас шинэ бүтэц, зохион байгуулалтад орсонтой холбогдуулан шинээр томилогдсон малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан анхдугаар сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Ховд их сургуулийн лекцийн танхимд зохион байгуулж байна. Мал эмнэлгийн салбарт баримтлах бодлого, ажлын чиг үүргийг танилцуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой уг сургалтад 17 сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч, малын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 гаруй хүн хамрагдаж байна. Сургалтын хүрээнд Төрийн албаны тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн төвшинд баримтлах бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, санал солилцов.
Энэ үеэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл тус байгууллага нь сум орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээг  өргөжүүлэх, мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын чадавх сайжруулах, малын эмч, мэргэжилтнүүдийг  чадваржуулах, малчдыг  хариуцлагажуулах, малыг эрүүлжүүлэх улмаар мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, чөлөөт  худалдаа хийх нөхцөл бүрдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа хэмээв. Сургалтын үр дүнд салбарын холбогдох хууль тогтоомж, шинэ бодлого, зорилтын талаар оролцогчид нэгдсэн мэдлэг, мэдээлэлтэй болж, цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо.   
                                                                                                                                                                                                                                                               Н.Лхагва

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ