ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын "Эль-Курултай" их хурал, Алтайн хязгаарын "Законодательное собрания" их хурлуудтай Ховд аймаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа



Аймгийн ИТХ-аас санаачлан Ховд аймаг  болон ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улс хооронд уламжлалт хамтын ажиллагааны харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрамдалт хотын харилцаа хөгжүүлэх зорилгоор Алтайн бүгд найрамдах улсын "Эль-Курултай" их хурал, Алтайн хязгаарын "Законодательное собрания" их хурлуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажлын хэсэг 10 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэд ОХУ-д ажиллалаа. Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн ахалж, Булган сумын ИТХ-ын дарга Х.Батхуяг, Алтай сумын ИТХ-ын дарга Н.Бүргэд, Дуут сумын ИТХ-ын дарга Л.Нарангэрэл, Дөргөн сумын ИТХ-ын дарга Н.Базаррагчаа, Буянт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Баттулга болон ажлын албаны зарим албан хаагчид оролцов.


.
2018 оны 10 дугаар сарын 23-нд Алтайн бүгд найрамдах улсын "Эль-Курултай" Их хурлын дарга Виктор Иванович Хабаров тэргүүтэй албаны хүмүүс ажлын хэсгийг хүлээн авч уулзав. Тэрбээр хоёр хотын хамтын харилцааг өргөжүүлэх чиглэлээр Монгол улсын Ховд аймаг санал санаачлага гаргаж, хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа цохон тэмдэглээд боловсрол, ХАА, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах саналтайгаа уламжлав. 


Улмаар Горно Алтай хотын ХАА-н парк буюу хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, мод үрслүүлгийн газартай  танилцав. Уг парк нь жилийн 4 улиралд мод, бутны үрсэлгээ хийдэг, хотоо төдийгүй, Алтайн бүгд найрамдах улсынхаа ногоон байгууламжийн хэрэгцээг хангадаг гэнэ.



10 дугаар сарын 25-нд Алтайн хязгаарын Их хурлын байгууллага/ Законодательное собрание/-ын төлөөлөлтэй уулзах, санамж бичиг үзэглэв. 
Уулзалтын үеэр Орлогч дарга Сергей Николаевич “... Аугаа их эх орны дайны хүнд үед ялалт байгуулахад Монгол улс зүйл бүрээр тусалж дэмжиж байсныг бид мартах учиргүй. Сүүлийн жилүүдэд “Алтай –Бидний нийтийн гэр” арга хэмжээ хэлбэр агуулгаа улам баяжуулан өргөжиж, аялал жуулчлал хөгжиж, Алтайн хязгаарын Их сургуулиуд, Ховд Их сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцоо нэмэгдэж , сайхан түүх үргэлжилж байна” хэмээн цохон тэмдэглэв.


Мөн Ховд аймгийн талаас тавьсан  техникум, коллежид монголын охид, хөвгүүдийг тэтгэлгээр сургахад дэмжлэг үзүүлэх саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэн, дунд мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд туслах, багш нарыг мэргэшүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэж байв. Уг санамж бичгийг байгуулсанаар талуудын холбогдох байгууллагууд байнгын харилцаа холбоо тогтоож, хоёр талын холбогдох ажлын талаар бэлтгэл хийж зохицуулан, хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийж, хоёр талд өндөр үр ашигтай найрамдалт хотын харилцааг бий болгох ач холбогдолтой гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ